dobu.mndobu

Скүүтэр, мопед, цахилгаан дугуйгаар явган хүний замаар зорчихыг хориглоно

Скүүтэр, мопед, цахилгаан дугуйгаар явган хүний замаар зорчихыг хориглоно

Ирэх сарын 10-наас эхлэн замын хөдөлгөөнд унадаг дугуй, скүүтэр, цахилгаан дугуй, мопед, мотоцикл зэрэг тээврийн хэрэгслүүд идэвхтэй оролцож эхлэхтэй холбогдуулан иргэдийн зорчих эрх болон явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд мэдэгдлээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс болон Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, эдгээр тээврийн хэрэгсэл нь унадаг дугуйн замаар зорчих боломжтой бөгөөд дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явах ёстой. Харин явган хүний замаар зорчихыг хориглож байгаа юм.

2025 онд цагдаагийн байгууллагад унадаг дугуй, скүүтэр, мопед, цахилгаан мопедтой холбоотой нийт 420 осол бүртгэгдэж, 730 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтсэн байна. Үүнээс цахилгаан мопедтой холбоотой 191, цахилгаан мотоцикл буюу сурронтой холбоотой 164, цахилгаан скүүтэртэй холбоотой 65 осол тус тус бүртгэгджээ.

Ялангуяа бага насны хүүхдүүд цахилгаан мотоцикл ихээр унаж замын хөдөлгөөнд оролцож буй нь Хан-Уул дүүрэгт өндөр байгаа бөгөөд эцэг эхчүүд өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг хүүхдэдээ авч өгч байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхаарууллаа.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр өсвөр насныхан цахилгаан дугуй, скүүтэр, мопед унаснаас үүдэн гавал тархи, нуруу нугасны хүнд гэмтэл авах тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн өөрсдөө бус бусдад ч эрсдэл учруулж байгааг онцолж байна.

Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдийг урдаа зогсоон цахилгаан скүүтэрээр зорчих тохиолдол түгээмэл байгаа тул үүнд хяналт тавьж, сургуулийн орчимд цагдаагийн эргүүлийг нэмэгдүүлэхээр болжээ.

Түүнчлэн 16 нас хүрээгүй хүүхдийг скүүтэр, цахилгаан дугуй, мопед, мотоцикл унахыг хориглож байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Цахилгаан скүүтэр, мопед унахдаа цагийн 20 км-ээс хэтрүүлэхгүй байх,
  • Сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай зэрэг хүн ихтэй бүсэд зорчихгүй байх,
  • Тээврийн хэрэгсэл жолоодох үед гар утас ашиглахгүй байх,
  • Гарцаар нэвтрэхдээ бууж, түрж гарах.

Холбогдох байгууллагуудын зүгээс замын хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс өмнө зохицуулалтын журмыг яаралтай батлах шаардлагатайг онцолж, эс бөгөөс иргэдийн аюулгүй байдал, зорчих эрх зөрчигдөх эрсдэл үүсэхийг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.