0

Х.Булгантуяа гишүүн өнөөдөр “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Их хурлын индэр дээрээс эрээгүй үг хэлж суугаа харагдав. Тодруулбал тэрээр "УИХ Үндсэн хуулийн зөрчилтэй Дэгийн тухай хуулиар зургаан жил ажиллачихсан байна” гэж мэдэн будилахдаа “Дэгийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар С.Бямбацогт сайд ажиллаж байсан юм билээ” хэмээн жишим ч үгүй гүтгэж орхив. Гэтэл 2024 онд Дэгийн тухай хуулийг өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг С.Бямбацогт гишүүн Х.Булгантуяагийн гүтгэж хэлсэн шиг ахлах нь байтугай бүрэлдэхүүнд нь ч орж ажиллаагүй болох нь цагаан дээр хараар бичээтэй байна.
Тэр хэлээд байгаа 2024 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нь Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн өргөн мэдүүлж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Д.Тогтохсүрэн, Х.Болорчулуун, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нарын гишүүд бүрэлдэхүүнд нь орж ажилласан нь баримтаар тогтоогдож байна.
Мөн түүний яриад байгаа Үндсэн хуулийн зөрчилтэй гэж дүгнэсэн Дэгийн 101 дүгээр зүйлийн хугацаа заасан зохицуулалтыг УИХ өнөөдрийг хүртэл огтоос хэрэглээгүй гэнэ.
Харин 2025 оны 10 дугаар сарын 17-ны Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шийдвэрлэхэд энэ хугацаа заасан Дэгийн хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн зөрчилтэй байсан тул уг асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд заасан 3+7 гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн тухай хуульчид ам уралдан шаагиж байна.
Хэвлэлийн хуудсыг эргэн сөхвөл тухайн үед засгаа хамгаалсан гишүүд нэгдсэн хуралдааны санал хураалтын томьёолол Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1-ийг зөрчиж байгааг Дэгийн тухай хуулийн 7.5-д “Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцэхийг эсэргүүцэж хуралдаан орхих” эрхийнхээ дагуу санал хураалтаа зөв томьёолтол санал хураалтад орохгүй гэдгээ илэрхийлж санал хураалтын томьёоллоо Үндсэн хуульд нийцүүлэх боломж олгож хүлээсэн, шаардсан.
Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж буй гишүүд нь Үндсэн хуульд заасан нийт гишүүний олонх болж чадахгүй байсан тул Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ талынхан Үндсэн хууль зөрчсөн саналын томьёоллоор санал хураахаар улайран Х.Булгантуяа нь 2 хоногийн турш өдөр шөнөгүй хуралдаан даргалагчийн индэр дээрээс алх балбан зүтгэж байж Үндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулж орхисон юм даг.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд огцрох ёстой гэж гарын үсэг зурсан гишүүд ТББХ дээр өөрсдийн гаргасан саналаа өөрсдөө унагааж, нэгдсэн хуралдаанд ТББХ-ны саналыг унагах заль хэрэглэж Үндсэн хууль зөрчсөн асуудал нь л Үндсэн хуулийн цэц дээр хянагдаж тэд ялагдсан.
Харин гэтэл одоо Үндсэн хууль санаатай зөрчсөн Х.Булгантуяа нарын зөв болоод Үндсэн хуулиа барь гэсэн гишүүд нь, Үндсэн хуулийг манах ажлаа хийсэн цэц нь буруутах нь шударга ёсонд яавч нийцэхгүй.
Хамгийн хачирхалтай нь 2024 оны Дэгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг Х.Булгантуяа гишүүн өөрөө дэмжиж кноп дарсан нь parliament.mn дээр түүх болон дурайж байна.
Гэтэл Үндсэн хууль зөрчсөн гэх тэр дэгийн хуулийг батлах үед мань хатагтай “Манай хууль зөв” гэж кноп дарчихаад, Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдохоор “Хэн ийм юм хийв” гэж жүжих нь огтоос зохихгүй байна.
Буруугаас бултаж, ой санамжгүй мэт увайгүй авирлах нь арай л ой гутам.
Олон түмний нүдэн дээр ордны хойморт алх барьж Үндсэн хууль зөрчсөн нь цэцийн дүгнэлтээр тогтоогдож үнэнд гүйцэгдээд ирэхээрээ "Би хууль мэдэхгүй. өмгөөлөгч авъя" хэмээн орилж орхиж гарчихаад одоо болохоор үл мэдэгчийн дүрээр үнэнийг худлаар булах нь арай л увайгүй хэрэг биш гэж үү.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.