0

МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгч, Ерөнхий сайд болсноос хойш тодорхойгүй байдал үргэлжилсээр байна. Засгийн газартаа хэн хэнийг сайдаар авах, хэн УИХ-ын дарга болох вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдсаар хариултгүй өнөөдрийг хүрлээ. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлэг нь өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, намын бодлого тэнд гарч, эцсийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргана. УИХ-ын дарга гэдэг парламентын 50 хувь буюу дор хаяж 64 гишүүний дэмжлэгтэй хүн байх ёстой. Тэгэхээр зөвхөн МАН төдийгүй АН зэрэг парламентад суудалтай таван улс төрийн хүчний эв зүйг олох чадвартай, туршлагатай нэгэн байх учиртай юм. Одоогоор МАН-ын хуваагдсан хоёр тал С.Бямбацогт, С.Амарсайхан гэсэн хоёр гишүүний нэгээс сонголтоо хийхээр байна гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Тиймээс энэ хоёрын хэн нь хэн бэ гэдгийг нээлттэй өгөгдөл дээр харьцуулж үзье. Ингэхдээ парламентын спикер хийж чадах эсэх дээр түлхүү төвлөрснөө онцлох нь зүйтэй болов уу.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Туршлагатай парламентч гэдэг өнцгөөс харвал С.Бямбацогт яах аргагүй нөгөөхөөсөө илүү жин дарна. УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Намын жагсаалтаар бус, тойргоос тасралтгүй сонгогдсон гэдэг нь иргэд сонгогчидтойгоо эргэх холбоотой ажиллаж чаддаг гэдгийнх нь илрэл. Хамгийн сүүлд 2024 оны сонгуулийн тойргоор тэр Баруун бүсэд нэр дэвшсэн. Ингэхдээ Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр 79826 саналаар буюу сонгогчдын 56.6 хувийн саналыг авч УИХ-д тав дахь удаагаа сонгогдсон хүн. Нийт 114 хүн нэр дэвшсэн тойргоос нэгээр сонгогдсон, ингэхдээ улсын хэмжээнд хамгийн өндөр санал авсан нь яах аргагүй нэгийг өгүүлнэ. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ ч бүтэн улсын хэмжээнд хоёрхон хүнтэй өрсөлдөөд ч түүнээс бага санал авсан байдаг юм билээ. Энэ өнцгөөс нь харвал, С.Бямбацогт ямар боловч тойргийн сонгогчдын дэмжлэг асар өндөртэй улстөрч гэсэн үг. Харин ажлын туршлагын тухайд 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр тасралтгүй ажиллажээ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг МАН ялсан үед ч, ялагдсан үед ч ачааны хүндийг үүрэлцэж явсан байна. Гэхдээ тэр мерит зарчмаар л өгссөн. Тодруулбал УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсоныхоо дараа л сайд болсон. Харин хууль тогтоох чиглэлд буюу УИХ-ын түвшинд Хууль зүйн байнгын хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. 2019 оны ҮХНӨ-ийг эх баригчдын нэг. Мөн МАН сонгуульд ялагдсан 2012-2016 оны парламентын үед УИХ дахь сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж дараалсан олон ялалтынх нь анхны буухиаг эхлүүлж байсан юм.
Нам доторх бүлэг фракцын хувьд тэр дундыг баримтлагч. Өөрөөр хэлбэл, аль нэг хүний тал гэж шууд хаяг наалгасан зүйл байдаггүй. МАН-ын УИХ дахь бүлгийн 38:30 хуваагдлын үед тэр 38-ын талд байсан. Г.Занданшатарын Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан тэрбээр одоо УИХ-ын даргад нэр дэвшээд байгаа нь энэ.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан
Парламентчийн хувьд өрсөлдөгчтэйгөө харьцуулахад туршлага мэдээж нимгэн. Ердөө хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа хүн. Гэхдээ энэ нь төлөөллийн байгууллагад ажиллаж байсан туршлагагүй гэсэн үг биш. Тэр НИТХ-д найман жил төлөөлөгч хийчихсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ч бас нэг жил ажиллаад үзчихсэн улстөрч. Та бидний сайн мэдэх Сүхбаатарын талбайн урд байдаг Усан оргилуурыг санаачлан бариулсан хүн. Харин УИХ-ын гишүүнээр ажиллах үедээ 2020-2021 онд эрх баригч намын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. МАН-ын бүлгийн дэд даргаар нэг жил ажиллаад хоёр ч Засгийн газарт Шадар сайд хийж үзсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажлын туршлага ч түүнд бий. Анх удаагаа УИХ-д сонгогдсон хэрнээ шууд л Шадар сайд болсон азтай нэгэн. Монгол Улсын Шадар сайдаар дөрвөн жил ажилласан гэдэг нь нам дотроо ч хэр дэмжлэгтэй вэ гэдгийнх нь илрэл. 2024 оны сонгуулиар тойргоо солиогүй гэхээр мөн л иргэд сонгогчидтойгоо эргэх холбоотой байдаг гэсэн үг. Тэрээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшиж 16539 саналаар УИХ-д хоёр дахиа сонгогдсон. Түүний нэр дэвшсэн Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 32 хүн нэр дэвшсэн бөгөөд С.Амарсайхан мөн л хамгийн өндөр санал авч нэгээр УИХ-д гарч ирсэн байдаг.
С.Амарсайханы хувьд МАН-ын экс дарга Л.Оюун-Эрдэнэ, экс генсек Д.Амарбаясгалан нарын талын хүн. Өөрөөр хэлбэл, хуваагдсан 38:30-ын цөөнх хэсэгт хамаарч байгаа улстөрч. Тиймээс ч энэ удаад УИХ-ын даргын суудалд 30-ын талынхан түүнийг зүтгүүлж байгаа. Өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайдыгаа огцруулах бичигт гарын үсэг зурсан хэмээн Г.Занданшатарын танхимаас хасагдсан.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.