dobu.mndobu

Б.Дэлгэрсайхан: "Харбины" гэрээгээр сонсгол хийвэл хятадууд хилээ хаана, нүүрс авахгүй гэдэг

Б.Дэлгэрсайхан: "Харбины" гэрээгээр сонсгол хийвэл хятадууд хилээ хаана, нүүрс авахгүй гэдэг

"Харбины" гэрээтэй холбоотой асуудлаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө. Уг гэрээг хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол явуулахаар Ж.Баярмаа нарын гишүүд санал гаргасан боловч УИХ-аар дэмжээгүй юм. 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Урд хөршийн эмзэглэж байгаа ганц зүйл бий. Тэд "Танайх өөрсдөө гуйж ирсэн. Бид тухайн үед танайд итгээд төмөр зам барьсан. Дараа нь буруу тооцоо хийж, дээд удирдлагууддаа буруу ойлгуулсан хүмүүсдээ арга хэмжээ аваад, цаазлахыг нь цаазлаад, шоронд хийхийг нь хийгээд энэ асуудал дуусчихсан. Одоо та нар яах гээд байгаа юм бэ" гэсэн. Ер нь бол, энэ чинь 2014 оноос хойш болж байгаа хэрүүл. Үл ойлголцсон байсан асуудлаа цэгцлээд, одоо хэл амгүй үргэлжлүүлээд явъя гэж тохирсон. Би байнга л хэлж байгаа. Бид өөрсдөө гуйж очиж хүнтэй гэрээ хийчхээд, дараа нь "Та нартай хийсэн гэрээ болохгүй байна, муухай байна, таалагдахгүй байна" гэвэл урд хөрш "Уучлаарай, та нараас заавал нүүрс авах албагүй. Бидний нэр хүндэд маш ихээр халдаж байна. Жаахан нүүрс худалдахын төлөө та нар манай улсын нэр хүндэд бусармаг хандаж байна" гэж надад 2, 3 удаа хатуу хэлсэн. Ганц надад ч хэлээгүй. Тухайн үеийн АН-ын генсек Н.Ганибалд бас хэлсэн байна лээ. Бид ярьсандаа байх хэрэгтэй. Хятадууд "Хөрш зэргэлдээ орноо дарамталж, бага үнээр нүүрс авсан гэж дэлхий нийтэд нэр хүндийг нь гутааж байна" гэдэгт эмзэглээд байгаа юм билээ. Тэр мангас шиг улсад нийлүүлж байгаа манай нүүрс нийт хэрэглээнийх нь 2-хон хувь шүү.

Гэрээг ил гаргахаар бол хоёр тал бие биенээсээ зөвшөөрөл авах ёстой. Хятадын тал "Та нар сонсгол хийхээрээ бие биенээ гутаан доромжилдог шигээ манай улсыг гутаан доромжилно гэдгийг бид мэдэж байна. Хэрэв сонсгол хийвэл бид хилээ хааж, нүүрс авахгүй" гэдэг. 

Бид улсаа нураах гээд байна. Улстөржихөө болих хэрэгтэй. Хэрүүлээ дотроо хийе. Хамаа алга, шалгамаар байвал Ц.Туваан бид хоёрт хэрэг үүсгээд шалга. Гарын үсэг зурсан нь үнэн юм чинь шалгуулъя. Буруу зүйлд гарын үсэг зурсан бол хуулийн байгууллага тэрийг нь тогтоог. Мөнгө төгрөг авч, бусдад давуу байдал олгосон зүйл огт байхгүй. Би бардам байгаа" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.