dobu.mndobu

"Атар -4" аяны хүрээнд тариалангийн зээлийн эх үүсвэрийг 55 тэрбумаар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын зээлийг олгохоор боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-14

"Атар -4" аяны хүрээнд тариалангийн зээлийн эх үүсвэрийг 55 тэрбумаар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын зээлийг олгохоор боллоо

Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат зүгээс арилжааны 7 банкны удирдлагуудтай Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийн санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулах, Тариалангийн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.

Ингэснээр  “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг тариалан эрхлэгчдэд жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо.

Түүнчлэн төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг гэрээг байгууллаа.

 Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгогдох гэрээг Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, М банктай тус тус байгуулсан бөгөөд ХХААХХҮ-ийн сайд Ц.Идэрбат гэрээ байгуулах үеэрээ тариаланчдаас гарсан саналыг үндэслэж дотоодынхоо хүнсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тэргүүлэх ач холбогдол өгч, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж буйд банкны салбарынханд талархал илэрхийллээ.

Мөн тэрбээр банкны удирдлагуудад хандан: “Хаврын тариалалтын технологит хугацаа ид эхэлж буй энэ цаг үед Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж буйтай холбогдуулан банк зээлийн олгох дээд хэмжээний хязгаарлалт, орон нутагт олгох зээлийн эх үүсвэрийг тариалан бүхий  сум, орон нутгуудад аль болох  хүртээмжтэй хуваарилан, зээл олгох шат дамжлагыг дотоод журам, дүрэмдээ нийцүүлэн хөнгөвчлөн багасгах тал дээр анхаарал хандуулан ажиллаж өгөх”-ийг хүслээ.

Дээрх тариалангийн тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах эргэлтийн хөрөнгийн /хоёр жил хүртэлх/  болон хөрөнгө оруулалтын зээл /4 жил хүртэлх/ нь банкны шалгуур, үйл явцын дагуу олгогдоно.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь 2026 оны батлагдсан төсвийн хүрээнд  Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 130.0 тэрбум төгрөгийн  эргэлтийн хөрөнгийн зээлийг банкны эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар олгон 117 иргэн, аж ахуйн нэгжид 31.04 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.

Улсын хэмжээнд 2026 онд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.