0

БНХАУ-ын Sanya хотноо зохион байгуулагдаж буй “Саньяа 2026” элсний спортын наадам тав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг тамирчдын хотхонд зочилж, Монголын баг тамирчидтай уулзан амжилт хүсэж, жиюү жицүгийн медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр тамирчдын бэлтгэл, байрлах орчин нөхцөлтэй танилцаж, тэмцээний үлдсэн өдрүүдэд өндөр амжилт гаргахыг ерөөсөн юм. Монголын багийн хувьд жиюү жицү болон элсний спортын бусад 8 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд тамирчид тэмцээний эхний өдрүүдэд амжилттай оролцож байна.
Тус наадмын тамирчдын хотхон нь далайн эргийн амралтын бүсэд байрласан, орчин үеийн тохижилт бүхий цогцолбор бөгөөд нийт 45 Үндэсний Олимпын Хорооны баг тамирчдыг хүлээн авч байна. Нийт 1,635 тамирчин (959 эрэгтэй, 676 эмэгтэй), 924 дасгалжуулагч, албаны хүн оролцож байгаа бөгөөд тэдний өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 700 сайн дурын ажилтан, 400 гаруй аюулгүй байдлын ажилтан, 100 хотхоны менежер зэрэг нийт 5,100 гаруй хүн ажиллаж, баг тамирчдын тав тух, хоол хүнс, үйлчилгээний нөхцөлийг бүрэн ханган ажиллаж байна.
“Саньяа 2026” наадам нь элсний болон далайн спортын төрлүүдийг нэг дор цогцлоосон олон улсын томоохон арга хэмжээ бөгөөд оролцогч орнуудын хувьд туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Монголын баг тамирчид үлдсэн өдрүүдэд медалийн төлөө өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр зорьж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.