dobu.mndobu

НИТХ-ын төлөөлөгчид Хотын даргаа сөрж, иргэдийнхээ талд зогслоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-27

НИТХ-ын төлөөлөгчид Хотын даргаа сөрж, иргэдийнхээ талд зогслоо

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болох товтой байсан ч АН-ын бүлгээс хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг А.Баяр даргад хүргүүлж, хуралдааныг хойшлуулав. Учир нь АН-ын бүлэг шаардлагадаа уг хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Тиймээс нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэн гэлээ.

Түүнчлэн Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй гэжээ. Уг хуралдаанаар нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүдийг хэлэлцэх товтой байсан юм. 

Туулын хурдны замын төслийг Засгийн газраас шалгаж нягталж дуусах хүртэл зогсоосон учраас Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчдөөсөө улс төрийн дэмжлэг хүсэж, тэднээр турхируулах хуралдаан зохион байгуулах байсан нь лавтай. Харин НИТХ-ын төлөөлөгчид иргэдийнхээ талд зогсож, Х.Нямбаатарын ашиг сонирхлыг хойш тавьж байгаа нь сайн хэрэг. Тэдний хувьд нийслэлчүүдийнхээ итгэл үнэмшлийг авч НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид шүү дээ. Нийслэлчүүд Туул голын экосистемийг хамгаалах зорилгоор “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлж, хурдны замын төслийг эрс эсэргүүцэж байгаа. 

Ийнхүү иргэд нь эсэргүүцээд хөдөлгөөн өрнүүлчихсэн, Засгийн газар нь төслийг зогсоох шийдвэр гаргачихсан байхад Хотын дарга Х.Нямбаатар “Намайг алаад энэ төслийг зогсоогоорой” хэмээн улайрч байгаагийн цаана юу байна. Хотын дарга амиараа дэнчин тавиад шахам зүтгэж байгаагийн цаана маш том эрх ашгаас гадна томоохон бүлэглэл ч байж болно. Нөгөө талд Хотын дарга нийслэлчүүдийнхээ ундны усаар дэнчин тавин зүтгэж байгааг ч бид харж байна. 

Нөгөө талд төслийн удирдах багт ажиллаж байгаа Хотын орлогч Т.Даваадалай, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нарыг цагдан шалгаад эхэлчихсэн гээд олон үйл явдал Туулын хурдын замын эсрэг харчихсан байхад муйхарлаад байгаа нь өөрийн эрхгүй хардлага дагуулах аж.  


С.Данзан


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.