0

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хамтран “ТӨРИЙН БҮТЭЭМЖ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээ өнөөдөр (2026.05.12) “ШИЛДЭГ ТУРШЛАГА-ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ” сэдвийн хүрээнд өрнөлөө.
.png)
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг өнөөдрийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “9000 гаруй төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоогоод байгаа. Төлөвлөгөөт бус болон бусад төрлийн шалгалтыг эрсдэлийн үнэлгээнд суурилан хийж байгаа. Төрийн албан хаагчдын дунд мэдээллийн нэгдсэн сан бүхий Dashboard.mn ашиглалтад орсон. Монгол Улсын төр данхайсан уу, засаглалын хувьд хямарчхаад байна уу гэдэгт хариулт өгөх судалгаануудыг хийж эхэлсэн” гэлээ.

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал бөгөөд Мэдээллийн технологийн захирлуудын клуб ТББ-ын Ерөнхийлөгч М.Сайнбилэг “Процессын дахин инженерчлэл-шилдэг туршлага” сэдвээр илтгэл танилцуулав. Тус банк нь 2015 оноос BPR төсөл хэрэгжүүлсэн талаарх туршлагаа хуваалцлаа.
(8).png)
Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо ТББ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд “Эконетворк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Чулуунбат “Мэдээллийн технологи-Эдийн засгийн өсөлт” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр, “Дэлхийн эдийн засаг “Digital Economy” руу шилжиж байна. Монгол Улсын дараагийн экспорт байгалийн баялгаас гадна “Цахилгаан, Дата, Инженер” гурав байх боломжтой. Гэвч өндөр татварын дарамтаас болоод инженерүүдээ алдаж буй талаар дурдав. Мөн манай улс нар, салхи, нүүрс, хүйтэн агаараа ашиглаад маш хямд Datacenter-ийн үйл ажиллагаа явуулах боломжтой бөгөөд дэлхий даяар ойрын гурван жилийн хугацаанд Datacenter-ийн хэрэглээнд 300 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй”-г онцоллоо.
.png)
Эрдэнэс Монгол нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын Ерөнхий аудитор О.Баярмагнай “Эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоо” сэдвээр илтгэл танилцууллаа. “Төр ч, хувийн хэвшил ч эрсдэлийн үнэлгээ хийх асуудал сул байна. Дотоод хяналтын тогтолцоогүй буюу ердөө 29 хувьтай ч, дотоод хяналтын тогтолцоог хүчингүй болгох асуудал гардаг. Хүний нөөцийнхөө 39 хувийг санхүүд, 6 хувийг эрхэм зорилго алсын хараанд зарцуулаад байгаа учраас хяналтын функц буруу ажиллаж, эрсдэл гарсаар байна. Ойлголтын зөрүүтэй байдлаас үүдээд дотоод хяналт, дотоод аудитыг хольчхоод байдаг асуудал бий"-г ч онцлов.
(1).png)
Панел хэлэлцүүлэгт, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төлөвлөлт дахин инженерчлэлийн хэлтсийн дарга Н.Баясгалан, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Салбар дундын зохицуулалт, дахин загварчлалын газрын дарга Б.Дөлгөөн, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал бөгөөд Мэдээллийн технологийн захирлуудын клуб ТББ-ын Ерөнхийлөгч М.Сайнбилэг, Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо ТББ-ын Дэд ерөнхийлөгч бөгөөд “Аствишн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Энхмөнх, “Систем Арт Венчурс” ХХК-ийн захирал Ц.Мөнхтуяа нар оролцов.
(3).png)
Үргэлжлүүлэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.