0

Засгийн газраас Өмнөговь аймагт 50МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд арилжаалах эрхийг Өмнөговь аймгийн Засаг даргад олгосон. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо холбогдох хүсэлтийг хянаж үзээд “Өмнөговь бонд”-ыг бүртгэсэн юм. Харин өнөөдөр Монголын хамгийн анхны орон нутгийн бонд болох “Өмнөговь бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол боллоо.
Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон албаны бусад төлөөлөл оролцов.
Ёслолын ажиллагааг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ ““Дэлхийн томоохон хотууд болон орон нутгийн төвүүд дэд бүтцийн томоохон төслүүдээ хөрөнгийн зах зээлээр дамжуулан бонд гаргаж санхүүжүүлэх нь түгээмэл жишиг болсон. Манай улсын хувьд 2024 онд нийслэлийн анхны бондыг гарган 500 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол өнөөдөр хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэгэн шинэ түүхийн хуудсыг нээж, Өмнөговь аймаг анхны орон нутгийн бондын арилжааг эхлүүлж байна. Өмнөговь аймаг нь уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засгийн стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг бөгөөд өнөөдрийн байдлаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуйн нэгж, тэдгээрийн 2000 гаруй туслан гүйцэтгэгч компани тус аймагт үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Говийн бага дархан цаазат газар, Нэмэгт, Хэрмэн цав зэрэг байгалийн болон палеонтологийн үнэт өвөөрөө дэлхийд танигдсан аялал жуулчлалын гол бүс нутаг юм. Иймээс энэхүү бонд нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн орон нутгийн төсвийн орлогоор баталгааждаг онцлогоороо хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай санхүүгийн бүтээгдэхүүнд тооцогдож байна. Энэхүү бонд нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр орон нутгийн томоохон төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжийг харуулж буйгаас гадна дотоодын хөрөнгийн зах зээлийн улс орны эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгааг илтгэж байна” хэмээн онцоллоо.
Өмнөговь аймаг 2026-2028 онд нийт 500 тэрбум төгрөгийн бондыг нээлттэй зах зээлд үе шаттайгаар гаргахаар төлөвлөж байна. Үүнээс 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлэхээр зорьж байгаа юм.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.