0

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хамтран “ТӨРИЙН БҮТЭЭМЖ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээ өнөөдөр (2026.05.14) “ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛ-ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ” сэдвийн хүрээнд өрнөлөө.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа “Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа. “51 мянган өргөдөл гомдол бүртгэгдээд байгаагаас 11 мянгыг нь иргэний талд шийдвэрлэсэн. Дан ганц иргэдээс биш есөн мянган төрийн албан хаагчаас өргөдөл, гомдол ирсэн байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, үйлчилгээний чанартай холбоотой өргөдөл өссөн. Нийт гомдлын 13.1 хувийг эзэлж байна. Иргэд, олон нийт “E Mongolia” платформ болон Dashboard.mn цахим хуудсаар өргөдөл, гомдлоо гаргаж болох"-ыг онцлов.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн хэлтсийн дарга Б.Баярсүх “Хяналт-Шинжилгээ, үнэлгээ хийх, анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа. “Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо үүсээд 30 жил болж байна. Холбогдох журам 1996-2025 оны хооронд зургаан удаа шинэчлэгдсэн. Жилд долоон удаа тайлан гаргадаг байсан бөгөөд “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хоёр болгоод байгаа бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хоёр үнэлгээ хийдэг" гэв.
“Блак лабс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хулан “Хиймэл оюунд суурилсан хяналт-шинжилгээний туслах систем” сэдвээр илтгэл танилцууллаа. “Захиргааны ажилтны тоог иргэдийн тоотой харьцуулсан судалгаагаар Монгол Улсад 60 төрийн албан хаагч 1000 иргэнд үйлчилдэг гэжээ. Төрийн албан хаагчдыг цомхотгох биш нэгж ажилтны бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай. Манай улс хиймэл оюун ухааны стратегиа боловсруулсан" гэдгийг дурдав.
Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагааны хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ц.Баттулга “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн мэдээлэл” сэдвээр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Х.Оюунчимэг “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоо” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Үргэлжлүүлэн оролцогчдын асуулт хариултаар хэлэлцүүлэг өрнөлөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.