dobu.mndobu

Төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүргэх зорилгоор дохионы хэлмэрчийн зардлыг 2027 оны төсөвт тусгахаар болжээ

Төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүргэх зорилгоор дохионы хэлмэрчийн зардлыг 2027 оны төсөвт тусгахаар болжээ

Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хандан шаардлага ирүүлсэн.  Шаардлагын хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзан асуудлыг зөвшилцлөө. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэдний шаардлагыг хүлээн авч, хүний эрхийг дээдлэх, тэгш оролцоог хангах зарчмын хүрээнд бодитой шийдвэрүүдийг гарган, шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснийг мэдэгдлээ. Мөн шаардлагад ирүүлсэн яам дангаар шийдэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх үйл явцыг манлайлан ажиллахаа илэрхийллээ. 

Уулзалтын хүрээнд тавьсан шаардлагад дараах арга хэмжээг авч ажиллаж байгааг танилцуулав.  

Дохионы хэлний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх: ГБХНХ-ын яам "Монгол дохионы хэлний тухай" хуулийн төслийг боловсруулж байна. Тус хуулийн үзэл баритлалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Тус хууль дохионы монгол хэлийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоох замаар сонсголын бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох үндсэн зорилго багтаж байна. 

Хэлмэрчийн санхүүжилтийг төсөвт тусгах: Төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд саадгүй хүргэх зорилгоор дохионы хэлмэрчийн зардлыг 2027 оны төсөвт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих албан ёсны чиглэлийг 2026 оны тавдугаар сарын 27-ны өдөр яамд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлжээ. 

Мэдээллийн хүртээмжийг технологиор шийдвэрлэх: Харилцаа холбооны зохицуулах хороо телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрч, хадмал тайлбартай нэвтрүүлэх "MNS" стандартыг батлуулах, IPTV системд олон улсын ITU-T H702 зөвлөмжийн дагуу технологийн шийдэл нэвтрүүлэх ажлыг хийж эхлүүлсэн. 

Ажлын байрны тогтвортой байдлыг хангах: Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны одоогийн ашиглаж буй байранд үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэв.

Төсөв санхүүжилт, хяналтын талаар: "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга болон "Монгол дохионы хэлний тухай" анхдагч хуулийн төсөлд санхүүжилтийн механизмыг илүү тодорхой болгоно. Мөн 2025, 2026 онд тус чиглэлээр хийсэн арга хэмжээ, хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа.  

Сонсголгүй жолоочийн эрхийн зохицуулалттай холбоотой асуудлыг салбар хариуцсан байгууллагуудад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз зэрэг байгууллагатай албан уулзалт зохион байгуулж сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлыг танилцуулан шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төрийн нарийн бичгийн даргын зүгээс  иргэн бүрд тэгш, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэх хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн шаардлагыг ажил хэрэг болгож шаардлагатайг онцолж, хариуцах удирдлага, албан хаагчдад үүрэг даалгавар өглөө. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.