dobu.mndobu

Ц.Сандаг-Очир: Байгаль орчны салбарын хувьд 2026 он онцгой хариуцлагатай жил болж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-08

Ц.Сандаг-Очир: Байгаль орчны салбарын хувьд 2026 он онцгой хариуцлагатай жил болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь усны нөөцөө хамгаалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дэлхийн улс орнууд өндрөөр үнэлж байна.

Мод тарихын ач холбогдлыг монголчууд ойлгож, ухамсарласны тод жишээ бол сүүлийн таван жилийн хугацаанд 120 сая гаруй мод тарьж, ургуулан эх дэлхийдээ бэлэг барьсан явдал юм.

Байгаль орчны салбар бол гаднаас харахад зөвхөн хамгаалдаг, хориглодог, хянадаг салбар мэт ойлгогдох байсан үе ард хоцорч, эдийн засгийн хөгжил, дэд бүтэц, уул уурхай, хот байгуулалт, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлдөг хөгжлийн суурь бодлого болох нь батлагдаад байна.

Уг асуудлыг ч Монгол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр онцолж, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эко системийг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд тэдний оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэллээ.

Байгаль орчны салбарын хувьд 2026 он онцгой хариуцлагатай жил болж байна. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо анх удаагаа зохион байгуулна.

СОР17 хурлыг амжилттай зохион байгуулах нь зөвхөн БОУАӨ-ийн яамны ажил биш, харин Монгол Улсын нэр хүнд, байгаль орчны салбарын чадавх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, цаашид цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хүчин чармайлтаа дэлхий нийтэд нотлон харуулах том боломж юм.

Өнөөдөр зохион байгуулу буй “Байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ий үеэр байгаль орчныг хамгаалахад өнгөрсөнд хийгээд өдгөө гаргаад буй ололт амжилт, цаашид энэхүү амжилтыг бататгаж, ахиулах хэрэгцээ шаардлага, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс хүрэлцэн ирсэн байгаль хамгааллын салбарынхан яг одоо нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцож байна.

Зөвлөгөөний үеэр байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж хамт олноо тэргүүлсэн албан хаагчдыг Байгаль орчын тэргүүний ажилтан, ЦЕГ-ын хүндэт жуух бичгээр шагналаа.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.