dobu.mndobu

С.Бямбацогт: Чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ын холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой

С.Бямбацогт: Чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ын холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой

"Зөв.мн" мэдээллийн сайт Хөтөлийн "Цемент шохой" Төрийн өмчит хувьцаат компанийн газрын дарга Н.Ганхуяг төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа тухай асуудлыг хөндөж нийтлэл бичсэн. Нийтлэлдээ Н.Ганхуягийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр тус сайтыг 20 сая төгрөгөөр торгосон байна. Ингэхдээ Н.Ганхуяг ХЭҮК-т гомдол гаргаж, улмаар ХЭҮК-оос гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Уг асуудалд УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлж, Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэдгээ мэдэгдлээ. 

Тэрбээр "Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон хэвлэл мэдээллийн салбарынхнаас ирүүлсэн шаардлагатай санал нэг байна. Хүний Эрхийн Үндэсний Комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус албан тушаалтаны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш.

Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг "хувь хүний биометрик мэдээлэл" хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм.

Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш.

Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж, чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ын холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна.

Мөн энэ асуудлыг УИХ-ын Хүний Эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна.

Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид хууль завхруулахгүй байх, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудаас хариуцлага шаардаж ажиллах болно" гэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.