0
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих 461-р ангид өлсгөлөн зарлаад 52 цагийн хугацаа өнгөрч байна. Биеийн байдал нь муу тул хорих ангийн захиргаанаас зөвшөөрөөгүй ч тэрбээр сайн дураараа өлсгөлөн зарлажээ. Улмаар бөөр нь өвдөж, нойргүйдэж, тамирдсан байгаа аж.
Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Хишигжаргал "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүсэж, арваннэгдүгээр сарын 4-ний өглөөний 9:00 цагаас эхэлж өлсгөлөн зарласан. Түүнээс хойш 52 цагийн турш юу ч идээгүй байна.
Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлахтайгаа зэрэгцэн хорих 461-р ангид хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн дагуу эмч нарын шинжилгээнд хамрагдсан юм. Шинжилгээгээр түүнийг бөөрний архаг дутагдалтай байгаа учир өлсгөлөн зарлавал биед нь маш эрсдэлтэй гэж дүгнээд, хүсэлтийг нь хүлээж аваагүй. Гэсэн ч Н.Өнөрцэцэг сайн дураараа юм идэхгүйгээр 52 гаруй цаг болсон байна.
Н.Өнөрцэцэгтэй уулзаад гарч ирлээ. Түүний бөөр нь өвдсөн, хаван ихтэй, нойргүйдэлд орчихсон байна. Чийгтэй, хүйтэн, нарны шууд тусгалгүй өрөөнд юм идэхгүй байна гэдэг маш хүнд. Мөн уулзахад нэлээд тамирдсан нь харагдлаа. Дуу нь цаашаа орчихсон, хэцүүхэн ярьж байна. Гэсэн ч миний үйлчлүүлэгч өлсгөлөнгөө зогсоохгүй, үргэлжлүүлсээр байна гэдгээ илэрхийлсэн" гэлээ.
Сануулахад, Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд болно. Шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэж, нэр бүхий байгууллагууд болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрөө хүсэлт гаргасан. Гэвч хэрэг "маш нууц" зэрэглэлтэй тул бүхэлд нь хаалттай явуулахаас өөр аргагүй гэх тайлбарыг шүүхээс өгөөд буй юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.