0

Хүний Эрхийн Үндэсний комиссоос хийдэг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд орон нутаг дахь малчин эрэгтэйчүүдийн талаар дурджээ.
Ингэхдээ, "Сүүлийн жилүүдэд малчдын дунд хүйсийн харьцаа алдагдах, залуу эмэгтэйчүүдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэх, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн хэв маягт өөрчлөлт гарах хандлага нэмэгдэж байгаа нь нийгмийн тогтвортой байдал, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын хүрээнд авч үзэх шаардлагатай тулгамдсан асуудал болж байна" хэмээн дүгнэсэн байна.
Тодруулбал, 2025 оны судалгаагаар Монгол Улсад 313,195 малчин байгаагийн 182,890 нь буюу 58,3 хувь нь эрэгтэй байна. Ялангуяа, 18-34 насны 69,311 залуу малчны 46,142 буюу 66.5 хувь нь эрэгтэй байгаа нь залуу малчдын дунд ч хүйсийн тэнцвэр алдагдсаныг илтгэж байгаа юм. Мөн нийт малчдын 34,582 нь огт гэрлээгүй байна.
Энэ талаар залуу малчинтай ярилцахад "Манай нутагт гэрлээгүй эмэгтэйчүүд цөөхөн, ихэнх нь гэр бүлтэй. Манай орон нутагт бол охид байдаггүй. Хот хүрээ гээд ихэнх нь яваад өгдөг" гэжээ.
Харин сумын Мал аж ахуйн тасгийн мэргэжилтэн "Орон нутагт эмэгтэй хүн ховор, бүжиг болохоор 1-2 айлын эхнэр дээр залуучууд бөөгнөрдөг. Гэрлэх насны залуучууд байгаад байдаг, тийм насны эмэгтэйчүүд бага. Мал маллаж байгаа охид, эмэгтэйчүүд ховор. Төвийн охид хөдөөгийн малчин залууг тоодоггүй" хэмээсэн байна.
Аймаг, сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд "Аав, ээж нар охиноо сургуульд сургах, эрэгтэй хүүхдийн боловсролыг дэмжихгүйгээс сурах дургүй болох, сургуулиас завсардуулж малчин болгодог. Эцсийн дүндээ боловсролтой эмэгтэйчүүд малчин эрэгтэйгээ тоож гэрлэхгүй байдалд хүрч байна" гэсэн байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.