0

Швейцарьт улсын хүн амыг 10 саяар хязгаарлах санал буюу дэлхийн анхны "хүн амын хязгаар"-ыг олон нийтийн эсэргүүцлээс болж татгалзaв.
The Guardian зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Швейцарийн Ардын Нам (SVP)-ын дэвшүүлсэн "хүн амыг 10 саяар хязгаарлах" саналыг бүх нийтийн санал асуулгаар 54.79% нь эсэргүүцэж, 45.21% нь дэмжиж эцсийн дүндээ татгалзсан байна. Сонгогчдын ирц 58.86% байжээ.
Энэхүү хуулийн төсөл нь халуун мэтгэлцээнийг өрнүүлж, "Швейцарийн Брекзит" гэж нэрлэгдсэн бөгөөд Швейцарийн одоогийн 9.1 сая орчим хүн амыг 2050 он гэхэд 10 саяас хэтрэхгүй байлгахын тулд засгийн газрын хязгаарлалтыг шаардах зорилготой байв.
Хэрэв уг хуулийн төслийг хэрэгжүүлбэл 2050 оноос өмнө хүн ам 9.5 саяд хүрвэл гэр бүлийг нэгтгэх, оршин суух зөвшөөрөл, орогнол олгоход хязгаарлалт тавигдах болно. Ялангуяа хүн ам 10 саяас давсан тохиолдолд Швейцарийн засгийн газар Европын Холбоотой байгуулсан "Ажилтнуудын чөлөөт хөдөлгөөний тухай хэлэлцээр"-ийг цуцлах шаардлагатай болох байсан бөгөөд энэ нь ЕХ-ны нэгдсэн зах зээлд нэвтрэх эрхээ алдахад хүргэж болзошгүй юм.
Хуулийн төслийг санал болгосон Швейцарийн Ардын Нам (SVP) хүн амын хурдацтай өсөлт нь Швейцарийн дэд бүтэц, орон сууцны зах зээл, нийгмийн даатгалын хөтөлбөр, байгалийн нөөцөд хэт их дарамт учруулж байна гэж үзэж байна. Үнэндээ, 2002 онд ЕХ- той байгуулсан Ажилтнуудын чөлөөт хөдөлгөөний тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш Швейцарийн хүн ам ойролцоогоор 23%-иар өссөн бөгөөд одоогоор оршин суугчдын 27 орчим хувь нь гадаадын иргэд байна.
Гэсэн хэдий ч Швейцарийн засгийн газар болон бизнесийн хүрээнийхэн уг хуулийн төслийг эрс эсэргүүцэж, батлагдсанаар ноцтой сөрөг үр дагаварт хүргэнэ гэж анхааруулж байна.
GFS Bern санал асуулгын компанийн судлаач Урс Виери үр дүнг шинжлэн "Сонгогчид хүн амын өсөлтийн талаар санаа зовж байсан ч хуулийн төслийн гаж нөлөөний талаар бүр ч их санаа зовж байсан" гэж мэдэгджээ. Тэрбээр "ЕХ-той харилцаа муудах, ажиллах хүчний хомсдол, ялангуяа эрүүл мэнд, анагаах ухааны салбарын боловсон хүчний хомсдолтой холбоотой санаа зовнил санал хураалтад тусгалаа олсон бололтой" гэв. Швейцарийн холбооны засгийн газар мөн энэхүү санал нь үндэсний тогтвортой байдалд заналхийлж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд цохилт өгч болзошгүй гэж анхааруулсан. Олон улс цагаачлалыг хязгаарлаж байгаа ч Швейцарь улс үндэсний бүх нийтийн санал асуулгаар дамжуулан улсын нийт хүн амын тоонд хязгаарлалт тогтоохыг оролдсон анхны улс юм. Гэсэн хэдий ч олон нийтийн эсэргүүцлээс болж энэ оролдлого бүтэлгүйтлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.