dobu.mndobu

Оюутолгойн баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхэлжээ

Оюутолгойн баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхэлжээ

“Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд 2026 оны зургаадугаар сарын 17‑ны өглөөний 09:00 цагаас эхлэн "Оюу толгой"-н үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан. Үүний улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүссэн билээ. 

Энэ талаар тус компаниас мэдэгдэл гаргаж, "Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй. Иймд Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалж байна” гэсэн.

Харин өнөөдөр (2026.06.18) “Баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхэллээ” хэмээн мэдэгдлээ. 

"Оюу толгой" үйлдвэр нь өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шууд болон дам нөлөөгөөр эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг аж. 

May be a graphic of text

Харин цагдаагийн байгууллагаас "2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний н.Энхбат тэргүүтэй 8 иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах "Оюутолгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км уулзварыг тухайн өдрийн 09.00 цагаас эхлэн хаасан.

Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Эрс шинэчлэл хөдөлгөөний иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, хэрэгжилтийг хангуулан, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан.

Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн жагсах эрх нь нээлттэй боловч, замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих эрх болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хуулиар хориглосныг анхааруулъя" гэх мэдээллийг өгөв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.