dobu.mndobu

Я.Содбаатар: Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээсээ асууж байж тодруулна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээсээ асууж байж тодруулна

МАН-ын Удирдах зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "МАН намын гишүүдийнхээ идэвхийг сэргээх, иргэд сонгогчдодоо хүрч ажиллах чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Бид ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх талаараа намын удирдах зөвлөлийн түвшинд ярилцаж байна. Энэ удаагийн сонгуульд ард түмэн ямар Ерөнхийлөгчийг хүсэж байна, хэнийг нэр дэвшүүлэхийг хүсэж байна гэдэг дээр илүү төвлөрч ажиллана. Энэ агуулгаараа ард иргэдээс, намынхаа анхан шатны байгууллагаас асууж байж нэр дэвшигчээ тодруулах хэлбэрийг сонгож байгаа. 

Судалгаанууд хийж, ард иргэдээс асууж, тэдний хүсэн хүлээж байгаа хүнийг нэр дэвшүүлж, иргэдэд санал болгоно. 

Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчид 50-аас дээш насны, сүүлийн 5 жилийн хугацаанд Монголдоо амьдарсан хүнийг нэр дэвшүүлэх заалттай. Энэ шаардлагыг хангах олон хүн МАН-д бий. Тиймээс бид хэн нэгнийг шууд нэрлэхээс илүү иргэдээс санал авч байж нэр дэвшигчээ тодруулна. Ардын нам ард түмний Ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч байж гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Одоогоор ямар нэгэн хүн товлогдсон асуудал байхгүй. 

Ард түмний итгэл Ардын намаас нүүр буруулаагүй байгаа. МАН рейтингээрээ АН-аас илүү явж байна.

МАН өнгөрсөн жилээс хойш парламентад байгаа бүлгийн хэмжээнд хоорондоо хагарч, үзэл бодол, үйл ажиллагааны хувьд зөрчилдсөн талууд бий. Энэ үйл явц намын 31-р их хурлын үеэр эцсийн цэг тавигдаж, дууссан. Өнөөдөр намын бүлэг дээр ямар нэгэн 30:38 гэсэн хуваагдал байхгүй. Тодорхой хувь хүмүүс байр сууриа илэрхийлэх хандлагууд байна. Түүнээс биш МАН-д ямар ч хагарал байхгүй. Сүүлийн үед хэлэлцэж байгаа олон хуулиудыг МАН 68-ынхаа бүлгээр авч гарч байгааг харж байгаа байх. Ард түмний өгсөн итгэлийн хүрээнд бодлого, үйл ажиллагаагаа эв нэгдэлтэй хэрэгжүүлнэ. 

Нийслэлийн намын хорооны хурлын талаар хөндөгдсөн асуудал одоогоор алга. Нийслэлийн шинэ Засаг дарга томилогдсонтой холбогдуулж, гишүүдээс хурал зарлах талаар хөндөж байгаа. Гэхдээ намын Удирдах зөвлөлийн хэмжээнд хурал зарлах тов байхгүй" хэмээн хэллээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.