0

2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон газ тээвэрлэж явсан автомашины дэлбэрэлтийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ.
Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцаасан юм.
Харин Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааг дуусган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлтэд дурдсанаар “Д...” ХХК-ийн жолооч Ч.Р нь 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө компанийн өмчлөлийн Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслээр 15.7 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа Nissan Patrol маркийн автомашинтай шүргэлцжээ.
Үүний улмаас их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүссэн гэж прокурорын байгууллага үзсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж, мөн иргэдийн эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учирсан юм.
Иймд прокуророос Ч.Р-д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”, мөн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдээд байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.