dobu.mndobu

Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын дундаж цалин ₮3,7 сая байгаа, ажил хаяад байх хэмжээний муу биш

Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын дундаж цалин ₮3,7 сая байгаа, ажил хаяад байх хэмжээний муу биш

Эрчим хүчний салбарынхан цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан салбарын сайд Б.Найдалаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг цагт нь шийдээгүйгээс болж олон зүйл хуримтлагдаж ужгирсан. Иймээс бид "1, 3" буюу нэг бодлого гурван зарчим есөн ажил гэж томьёолоод шинэчлэлийн ажлыг өргөн хүрээнд маш шуурхай хийж байна. Эхнээсээ үр дүнд гарч байгааг та бүхэн харж байгаа.

Монгол Улсын эрчим хүчний салбар "тоосонд дарагдсан танк" шиг байна. Тэр тоосыг үлээгээд арилгасан цагт юунд ч дийлдэхгүй маш хүчтэй эдийн засгийн хөгжлийн тулгуур болно.

Манай салбарт 17,800 хүн ажилладаг. Үүнээс 11,638 хүн төрийн өмчит 27 компанид ажиллаж байгаа. Бид есөн гол ажлын нэн тэргүүнд хүний нөөцийн бодлогын асуудал бий. Энэ нь салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд болон бүх хүний хөдөлмөрийн бүтээмжийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, мөн сургалт дадлагажуулалт, нийгмийн асуудал зэргийг ганц удаадаа аргалах биш урт хугацаанд хангалттай байхуйц хэмжээгээр шийдэхээр төлөвлөж байна. 

Эрчим хүчнийхэн цалингаа 30-аас дээш хувиар нэмэхийг шаардаж, ажил хаяхаа мэдэгдсэн. Энэ бол өмнө нь гарч байгаагүй тохиолдол. Манай салбар бол төрийн алба биш. Төрийн өмчит 27 компани болон хувийн хэвшил ажилладаг. Тэдгээрийн цалинг салбарын сайд шууд мэдэж, төрийн албан хаагчдынх шигээр тогтоодоггүй. Тэр компаниуд үр ашигтай ажилласан эсэхээс хамаарч ажилчдынх нь цалин урамшуулал тогтдог. Хариуцлага нь сайдын гэхээс илүү тухайн компаниудын захирлын гарт байдаг юм. Цаашдаа бид засаглалыг сайжруулах чиглэлээр ажлуудыг хийнэ.

Цалингийн хувьд бид шууд тогтоодоггүй ч байгаа боломжоо ашиглаад цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ.

Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Удирдлагууд болон захиргааны ажилтнуудын цалинг нэмэхгүй. Ажлын талбар дээрх инженер техникийн ажилтнуудын цалинг нэмэх талын бодлого баримтална. Үүний тулд тооцоо хийх хэрэгтэй байна. 

Эрчим хүчний салбарын дундаж цалин 3 сая 740 мянган төгрөг байна. Харин Монгол Улсын хэмжээнд дундаж цалин 2 сая 989 мянган төгрөг байдаг. Тэгэхээр эрчим хүчний салбарын цалин ажил хаяад байх хэмжээний тийм муу биш. Уул уурхайн салбарын араас 2-рт орж байгаа" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.