0

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах төслийн сонгон шалгаруулалтыг эхлүүллээ.
Тус төсөл нь Монгол Улсад анх удаа уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий ордыг олон нийтэд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлж буй онцлогтой.
Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн дотоод, гадаадын нийт 7 аж ахуйн нэгж, консорциум саналаа ирүүлсэн байна.
Сонгон шалгаруулалтыг 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр зарлаж, оролцогчдын материалыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд санал нээлтийн хурлыг тухайн өдөр 14:00 цагт бүх оролцогч талуудын төлөөллийг байлцуулан ил тод зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх үндсэн зарчмыг баримталж байна.
Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ирүүлсэн саналуудыг:
санхүү, эдийн засгийн өгөөж,
төсөл хэрэгжүүлсэн туршлага,
ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө,
бусад холбогдох шалгуур үзүүлэлтээр
харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг Засгийн газарт танилцуулах юм.
Бортээгийн төсөл нь Монгол Улсад уул уурхайн томоохон ордыг нээлттэй өрсөлдөөн, ил тод шалгаруулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулж буй жишиг төсөл болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.