dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болж, компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай даргалан явууллаа. Хуралд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд болон хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцов.

Хурлаар компанийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, ногдол ашиг хуваарилах асуудал, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, мөн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, компани өнгөрсөн онд 30.2 сая тонн нүүрс олборлон, 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлого олсныг онцоллоо. Мөн улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсныг мэдээлэв.

Тэрээр цаашид уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үнэ цэнэ, чанарыг сайжруулах, өртөг зардлыг бууруулах зорилгоор дэд бүтэц болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм.

Хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид ногдол ашиг, компанийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажил, нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авлаа.

Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Нацагдорж нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын ээлжит хуралдаанд хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг танилцууллаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн сувгуудаар шууд дамжуулан олон нийтэд нээлттэй зохион байгуулсан юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.