0

Хотоо цэвэрхэн байлгах уриалгыг хотын дарга гаргажээ. Уг нь бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ААН, бизнес эрхлэгчид ойр орчмынхоо 50 м хүртэлх газрын цэвэрлэгээ үйлчилгээ, тохжилт, ногоон байгууламжийг арчилж тордох, аюулгүй орчныг хангах үүргийг хуулиар хүлээдэг. Гэвч Монголын хууль гурав хоног гэдэг шиг энэ хууль, журам хэрэгждэггүй гууль болоод удаж байна. Бид хот айл болоод 100 жилийн нүүрийг үзэж байна. Гэтэл хог шороо хаях бол наад захын асуудал. Ил задгай нус, шүлсээ хаях, хүн харын нүд хариулж хүнд, хөнгөн бие засах гээд өнөө цаг үед хүний санаанд оромгүй үйлдлүүд байсаар л байна. Хот гэдэг хамтын орон зай гэдгийг мартаж болохгүй. Япон лугаа хөгжил, Солонгос адил цэвэр цэмцгэр орчныг төрөөс нэхэхээс урьтаж япон иргэд шиг ухамсар хариуцлага, Солонгос хүмүүс шиг цэвэрч ахуйч зан чанарт суралцах шаардлага нийслэлчүүд бидэнд байгаа нь үнэн. Хэдий болтол бид хүүхэд гэмтэх эрсдэлтэй нүх цоорхой, идэвхтэй цахилгааны ил утас, овоорсон хог шороо хаяанд нь байсан ч цэвэрлэж, засварлахын оронд хараагүй юм шиг царайлж өнөөх л тэнгэр заяат зангаараа хэн нэгэн босгоны боол ирж янзалж цэвэрлэхийг хүлээж суух вэ. Хот бол хот, хотын иргэн бол хотын иргэн байх учиртай. Их хотод амьдарч сууршиж байгаа л бол бусдын эрхийг хүндэлж, хотоо хайрлаж, ухамсартай амьдрах ёстой нь зүйн хэрэг. Хотын даргын уриалгыг дэмжиж хотоороо нэг өнгө орох гээ үзвэл яасан юм. Аан харин хуультай, журамтай юм хойно үүрэг хариуцлагаа ухамсарладагүй, нүд ам нь таглаатай мэт хог шороотойгоо холилдсон газруудыг мэддэг, чаддаг газрууд нь хатуухан хариуцлага тооцоод л явчих.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.