0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал үргэлжилж байна.
Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Төрийн тэргүүн нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
БНСУ-ын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт И Жэ Мён Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ айлчлал нь БНСУ-ын төрийн тэргүүний 15 жилийн дараа Монгол Улсад хийж буй төрийн айлчлал бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч И Жэ Мён Та гэргийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочны хувиар оролцож, манай улсын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн мөнхийн бэлгэдэл, хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон Монгол наадмыг манай ард түмэнтэй хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйд гүнээ талархаж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн өнөөдрийн албан ёсны хэлэлцээ амжилттай болсонд сэтгэл хангалуун байна.
Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 36 жил болж буй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртний түүхэн харилцаатай, ахан дүүсийн барилдлагатай, түүх, соёл, гарал үүслээрээ гүн гүнзгий холбоотой билээ.
Орчин цагийн дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжин хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд батжин бэхжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Өнөөдөр Та бид манай хоёр улсын өнгөрсөн 36 жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх “Хамтарсан тунхаглал” гаргалаа.
Айлчлалын хүрээнд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл, спорт, аялал жуулчлал, тээвэр, логистик, геологи, ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлсэн Засгийн газар болон байгууллага хоорондын 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
Мөн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Эдийн засгийн түншлэлийн харилцан ашигтай хэлэлцээр байгуулахын төлөө талууд нягт хамтран ажиллахаар тогтлоо.
Төрийн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо болох “Монгол-Солонгосын бизнес форум”-д 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.
Энэ бизнес форум нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ төсөл нь хоёр улсын стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааны чухал эхлэл болж байгаа бөгөөд энэ чиглэлээр байгууллага хоорондын 3 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Эдүгээ БНСУ-д амьдарч, сурч, ажиллаж буй 60 мянган монгол иргэн хоёр орны найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааны гүүр болж байгааг онцлон тэмдэглэе.
Айлчлалын хүрээнд жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх тухай хэлэлцээр, Консулын хэлэлцээр зэргийг байгуулсан нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэд харилцан зорчих чиглэлд гарч буй том дэвшил болж байна.
И Жэ Мён Ерөнхийлөгч Та болон танай засаг захиргааны зүгээс өөрийн улсдаа хөдөлмөр эрхлэн аж төрж буй гадаадын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр онцгой анхааран ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж, Танд талархал илэрхийлж байна.
Эрхэм Ерөнхийлөгч Таны энэхүү бодлого, үйл ажиллагаа Солонгос Улсад ажиллаж, амьдарч буй манай улсын иргэдэд эерэг сайн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Ард иргэдийн харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бататган бэхжүүлж, сэтгэл зүрхээрээ холбогдох бас нэгэн чухал гүүр бол соёл, урлаг, спортын хамтын ажиллагаа билээ.
Тиймээс хоёр орны ард түмний зан заншил, соёл, өв уламжлалыг харилцан сурталчлах зорилгоор соёл, спорт, аялал жуулчлалын хамтын ажиллагааг 2030 он хүртэл хөгжүүлэх соёлын солилцооны хөтөлбөрийг холбогдох яамд хэрэгжүүлнэ.
БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар олон чухал төсөл, хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж манай ард түмэнд ач тусаа өгч байгаад Солонгосын төр, засаг, ард түмэнд гүн талархал илэрхийлье.
Тухайлбал, “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт суурилуулсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний төв” төсөл амжилттай хэрэгжиж байна.
Тэртээ 100 гаруй жилийн өмнө солонгос эмч И Тэ Жүн Нийслэл хүрээнд амьдарч байхдаа эмнэлэг нээж, монгол хүмүүсийг анагаан эмчилж байсныг Богд хаан үнэлэн, Тэргүүн зэргийн Эрдэнийн очир одон хүртээж байсан сайхан түүхийг өнөөдөр дурсахад таатай байна.
Өнөөдөр эрхэм Ерөнхийлөгч Таны айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан, манай улсад нэн шаардлагатай “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд БНСУ-ын Засгийн газар, иргэд, аж ахуйн нэгж олноор нэгдэж, бодит хувь нэмэр оруулж ирсэнд гүнээ талархаж байна.
Хоёр улсын Засгийн газар 2006 оноос “Ногоон хэрэм” төслийг өдгөө 3 дахь шатандаа амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн дараагийн шатыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлье.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо үзэл баримтлалын хүрээнд олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө байдаг.
Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар 2014 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Солонгосын тал тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье.
Энэ айлчлалаар бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд Монгол, Солонгосын хөгжил цэцэглэлт, ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөл, сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.
Эрхэм Ерөнхийлөгч Тантай харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, “Стратегийн түншлэл”-ийн харилцааны алтан үеийг хамтдаа эхлүүлж байгаадаа баяртай байна.
Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.
Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Солонгосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таныг гэргийн хамт өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх,
Эрхэм хүндэт зочид оо,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар миний бие төрийн тэргүүний хувиар 15 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улс бол манай улсын үндэсний эрх ашигт суурилсан прагматик гадаад бодлогын чухал түнш орон бөгөөд БНСУ нь Монгол Улсын хамгийн итгэлтэй стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Энэ мессеж хоёр улсын ард иргэдэд сайн хүрээсэй гэж хүсэж байна.
Энэ удаагийн албан ёсны хэлэлцээний хамгийн том үр дүн бол хоёр улсын төрийн тэргүүн “Солонгос, Монголын харилцааны Алтан үе”-ийг хамтдаа нээх алсын хараагаа тодорхойлж, харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тусгасан Хамтарсан тунхаглал гаргасан явдал юм.
Энэ тунхаглал нь хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн хугацааны нөхөрлөл, итгэлцэлд тулгуурлан ирээдүй цаг үеийг “Солонгос, Монголын харилцааны Алтан үе” болгон хөгжүүлэх чухал ач холбогдолтой болж байна.
Солонгос, Монгол хоёр улс нь энэ хамтарсан тунхаглалд суурилан хоёр орны ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Өнөөдрийн хэлэлцээний гол үр дүнг танилцуулъя.
Нэгдүгээрт, хоёр тал улс төрийн болон дипломат итгэлцлээ улам бэхжүүлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирлоо. Дээд, өндөр түвшний харилцаа, стратегийн яриа хэлэлцээг өргөжүүлж, бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаар зөвлөлдөж, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болов.
Хоёрдугаарт, хоёр улсын иргэдэд үр ашиг нь мэдэгдэхүйц, ирээдүйд чиглэсэн бодит хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхээр тохиролоо. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээ, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ, “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг зарчмын хувьд тохиролцлоо.
2030 он гэхэд худалдааны эргэлтийг 1 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө хамтран ажиллана.
Хиймэл оюун, цахим шилжилт, шинжлэх ухааны дэвшилтэт технологи, логистик, дэд бүтэц, газар тариалан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг салбарт харилцан ашигтай, тогтвортой хөгжих хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхээр боллоо.
Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын иргэд шууд үр өгөөжийг нь мэдрэх боломжтой салбар. Иймээс “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төсөл зэргээр дамжуулан Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах болно.
Гуравдугаарт, хоёр улсын найрсаг харилцааны үндэс болсон соёл, иргэдийн солилцоог улам өргөжүүлэхээр тохирлоо.
Аялах, сурах, хөдөлмөр эрхлэх, соёлын солилцоо зэрэг чиглэлээр иргэдийн солилцоог эрчимжүүлж, “Иргэдийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны замын зураглал”-д тулгуурлан хоёр улсын иргэдийн эрх ашиг, харилцан ойлголтыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах болно.
Хоёр улсын харилцааны чухал тулгуур болсон консулын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, иргэдийн солилцоог илүү чөлөөтэй, идэвхтэй болгох орчин бүрдүүлнэ.
Дөрөвдүгээрт, хоёр улсын түүхэн холбоо, харилцааны туршлагыг ирээдүй хойч үед өвлүүлэхийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Монголын орчин үеийн анагаах ухааны хөгжилд хувь нэмэр оруулсан И Тэ Жүн зэрэг хоёр орны найрамдлын түүхэн өвийг хамтдаа дурсаж, өвлүүлэн үлдээх замаар ард түмний нөхөрлөл, итгэлцлийг улам бэхжүүлэх болно.
Өнгөрсөн үеийн энэ эрхэм нандин холбоог ирээдүй хойч үед өвлүүлэн хөгжүүлэх нь Солонгос, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэх чухал үндэс суурь болно гэдэгт итгэж байна.
Тавдугаарт, хоёр улс олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр тохирлоо.
Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдал, хөгжлийн төлөөх хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд хуримтлуулсан хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийн уламжлалыг хадгалж, бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжил зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар нягт хамтран ажиллана.
Олон улсын байгууллага, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын шүүх зэрэг олон улсын байгууллагын сонгуулийн үйл явцад ч хамтран ажиллах болно.
Миний бие Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай Засгийн газраас дэвшүүлсэн Солонгосын хойгийн энх тайван, хамтын ажиллагааны талаарх санаачилгыг танилцууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын ач холбогдлыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоохын төлөөх манай Засгийн газрын хүч чармайлтыг ямагт дэмжихээ илэрхийлсэн Ерөнхийлөгч Танд дахин талархал илэрхийлье.
Хоёр өдрийн дараа болох Монгол Улсын Үндэсний их баяр наадамд би гэргийн хамт хүндэт зочноор оролцоно. Энэ нь Солонгос, Монголын харилцааны алтан үеийг угтан хоёр орны ард түмэн улам ойртон нэгдэх сайхан боломж болно гэж итгэж байна.
Баярлалаа.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.