dobu.mndobu

Үнийн өсөлтийн цаад шалтгаанаа цэгцлэх цаг оройтсоор байх уу

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-31

Үнийн өсөлтийн цаад шалтгаанаа цэгцлэх цаг оройтсоор байх уу

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд үнийн өсөлт сорилт үүсгэсээр байна. Тоогоор илэрхийлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 400 гаруй нэр төрлийн барааны жинлэсэн дундаж өсөлт буюу инфляц зургаадугаар сард 12 хувьд хүрээд байна. Бодит амьдрал дээр энэ нь иргэдийн наад захын хэрэглээ болсон мах, төмс, хүнсний ногоо, будаа гурилаа худалдан авахад л сарын цалингийнх нь талаас илүү хувь үрэгдэх болжээ гэсэн үг.  

Энэ удаагийн үргэлжлэн эрчимжиж байгаа инфляц нь эдийн засгийн бүтэц, нийлүүлэлтийн шок, тасалдлаас хамаарч байна. Иргэдийн цалин орлого хэвээр байхад, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж хомсдол үүссэнээр үнэ өсөх үзэгдлийг нийлүүлэлтийн инфляц гэж тайлбарладаг. Харин үүний нөгөө талд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тоо хэмжээ хэвийн байхад иргэдийн цалин, орлого өсөж, худалдан авалтын эрэлт нэмэгдсэнээр үүсэх инфляцыг эрэлтийн гаралтай гэж үздэг. Тэгэхээр эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляц нийлээд нийт инфляцыг бүрдүүлдэг ч үнийн тогтвортой байдлыг зорилт болгодог төв банкууд эрэлтийн гаралтай инфляцад бодлогын хариу арга хэмжээ авахад хүрэлцдэг бол нийлүүлэлтийн гаралтай инфляцад мөнгөний бодлого, түүний арга хэрэгслүүд хязгаарлагдмал тул эдийн засгийн бүтцийн бодлого шаардагддаг.

МАХНЫ ҮНЭ +52%, ТӨМСНИЙ ҮНЭ +90%

Зургаадугаар сарын үнийн өсөлтийн шалтгааныг үзвэл, хамгийн том нөлөөг мах, махан бүтээгдэхүүн үзүүлж буй бөгөөд үнэ нь жилийн дотор 52.5 хувиар өсөж, нийт инфляцын бараг тал хувийг дангаараа бүрдүүлж байна. Ялангуяа, Улаанбаатар хотод махны үнэ өндөр байгаа нь нийслэлийн иргэдийн амьдралд хамгийн хүнд тусч байна.

Дээр нь нэмээд төмсний үнэ жилийн дотор бараг 90 орчим хувиар буюу хоёр дахин өсөж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 10.9 хувиар нэмэгдсэн нь махнаас бусад хүнсний инфляцыг 12.9 хувьд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын хүнсний сагсаа дүүргэхэд л цалингийн дийлэнх нь үрэгдэхээр дүр зураг харагдаж байна.

Зөвхөн хүнс гэлтгүй Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ ч мөн өсөв. Энэ нь өрхийн цэвэр усны төлбөр 37.2 хувь, бохир ус 53.2 хувиар, цахилгаан, дулааны үнэ 5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн бөгөөд бидний халаасанд шууд мэдрэгдсэн.

Үүнийг дагаад гарч буй бас нэгэн том нөлөө бол нийтийн хоолны үйлчилгээ юм. Дээрх бүх үнийн өсөлтөөс шалтгаалж кафе, ресторанд хооллох зардал 29 хувиар өсжээ.

Харин импортын барааны инфляц харьцангуй бага буюу 4.2 хувийн өсөлтийг үзүүлсэн нь импортын суудлын зарим маркийн автомашины үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Тэгвэл импортын хүнс болон  шатахууны үнэ өмнөх сараас саарчээ.

НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГАРАЛТАЙ ИНФЛЯЦЫГ ЮУ ТОГТВОРЖУУЛАХ ВЭ?

Нэгэнт инфляцын шалтгаан нийлүүлэлтээс үүдэлтэй, Төв банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ хязгаарлагдмал байгаа энэ үед Засгийн газар л асуудалтай нүүр тулж таарна. Эдийн засгийн өрсөлдөх чадвараа өсгөх, солонгоруулах, уул уурхайгаас хараат байдлыг багасгах, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, бизнес эрхлэгчдээ татварын дарамтаас ангижруулах, төсвийн алдагдлаа бууруулах зэрэг бодлогын олон шийдэл авч хэрэгжүүлж болно. Эдгээр нь үнэндээ олон жилийн турш эдийн засагчдын үргэлж хэлж, ярьж, үе үеийн Засгийн газрын чихэнд “хонх уяж”, анхааруулж ирсэн асуудлууд. Цөөн хүн амтай, нийт хүн амын тал нь шахуу нийслэлдээ төвлөрсөн, тархай бутархай, нүүдлийн мал аж ахуйтай Монгол Улсад бараа, бүтээгдэхүүний  нийлүүлэлтийн тасралтгүй бөгөөд үр ашигтай сүлжээг бий болгох нь тулгамдсан асуудал хэвээр байсаар байна.

Хэдийгээр төрөөс үүнийг шийдэх бодлогын арга замуудыг эрэлхийлж, энэ нь ихэнхдээ татаас хэлбэрээр салбаруудад дэмжлэг үзүүлэх бодлогоор оролдлогууд хийгддэг ч үр дүн нь гарч байна уу? гэдэг асуултын хариуг өнөөдрийн инфляцын түвшин ямар байгаагаас харж болно. Иймд төрөөс олгож байгаа үе үеийн хөнгөлөлттэй зээлүүдийн үр өгөөж үнийн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж чадаж байна уу гэдгийг эргэн хэмждэг, үнэлдэг бас хянадаг баймаар байна.

Одоо үүсээд байгаа мах болон төмс хүнсний үнэ давамгайлсан үнийн өсөлтийн шалтгаан юуг анхааруулж байна вэ? Эндээс мал аж ахуй, газар тариалангийн үр ашигтай үйлдвэрлэлийг дэмжих, бензин шатахууны нөөц бүрдүүлэлт, нөөцийн саваа нэмэгдүүлэх, эрчим хүч дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх гээд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцыг үүсгэж буй суурь асуудлуудыг шийдвэрлэх шаардлага хүлээгдэж байна.

Нэг зүйл онцлоход хэрвээ нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжих тохиолдолд бусад бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой буюу Монголбанкнаас зорьж буй  инфляцын нам дор түвшинд хадгалагдах боломжтой. Гэхдээ нийлүүлэлтийн шок арилахааргүй нөхцөлд бусад бараа, бүтээгдэхүүний үнэ ч бас дагаад өсөх эрсдэл бий. Үүнийг эдийн засагт инфляцын хоёрдугаар үеийн нөлөөлөл гэж үздэг.

ГЭВЧ ҮҮНИЙГ ТӨВ БАНК ХҮСЭХГҮЙ

Мэдээж, “Энэ инфляц нийлүүлэлтийн гаралтай учраас бид юу ч хийхгүй” гээд гараа хумхиад суухгүй. Хэрэв нийлүүлэлтийн шокийн нөлөөлөл нь бусад бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд ч нөлөөлж, инфляцын хоёр дахь үеийн давлагааг бий болговол, мөнгөний бодлогын хувьд хариу үйлдэл үзүүлэхээс өөр аргагүй болно. Бодлогын хүүг нэмэгдүүлж, зээлийн хүүг өсгөж, эдийн засгаа бүрэн царцааж байж, инфляцыг намжаана гэсэн үг. Өнөөдөр бодлогын хүү 12 хувь, зээлийн хүү 18-20 хувьтай буюу аль хэдийн маш өндөр түвшинд байна. Үүнээс цааш өсвөл бизнесүүд өндөр хүүний дарамтыг тэсвэрлэхэд бэрх бөгөөд сөхөрч унана гэсэн үг. Зардлаа бууруулна, ажилтнуудаа хална. Ажилгүй болсон хүмүүс эргээд худалдан авах чадваргүй болсноор нийт барааны худалдан авалтын эрэлт хумигдаж, инфляц буурна. Гэхдээ үүний цаана бизнесүүдийн орлого ч тэр хэрээр унаж, зарим нь үүд хаалгаа бариад, улсын эдийн засаг царцанги, зогсонги байдалд орно.

Гэсэн хэдий ч цөөн хэдэн бизнесийнхнийг бодоод нийт 3.5 сая хүний эрх ашгийг хохироож болохгүй учраас Төв банк хүссэн хүсээгүй, инфляцыг бууруулахын тулд дараагийн арга хэмжээ буюу илүү хатуу бодлого баримтална. Тэгээд инфляцаа дарж авсны дараа эдийн засгаа буцаагаад аажмаар сэргээх бодлого руу шилжинэ гэсэн үг. Эдийн засгийн өсөлт, алдагдсан боломжийн өртөг, цаг хугацаа, нийгмийн амьдралын чанар гээд маш олон хүнд хэцүү “төлбөртэй” энэ алхам руу орохгүй байхын тулд төр засаг шуурхай ажиллаж, нийлүүлэлтийн асуудлаа л шийдэх хэрэгтэй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.