0

Японы нийслэл Токио хотын Тама амьтны хүрээлэнд амьдарч байсан гурван эм арслан хэт халалтын улмаас хорогдож, өөр гурван арслан хүнд байдалд орсон талаар тус хүрээлэн мэдээллээ.
Амьтдын биеийн байдал долоодугаар сарын дунд үеэс муудаж эхэлсэн бөгөөд хоолны дуршил буурах, ядрах, хөдөлгөөний идэвх сулрах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Үүнтэй холбоотойгоор арслангийн үзвэрийг долоодугаар сарын 23-наас түр хугацаанд хаасан байна.
Хорогдсон арслангууд нь 3 настай Муги, 11 настай Ичиго, 15 настай Луэна бөгөөд тэдний задлан шинжилгээгээр шингэний дутагдал, олон эрхтний үйл ажиллагааны дутагдал илэрсэн нь хэт халууны нөлөөтэй байх магадлалтай гэж үзжээ.
Одоогоор өөр гурван арслан өвчилж, босож чадахгүй байгаа бөгөөд амьтны хүрээлэнгийн ажилтнууд сэнс, усан шүршигч ашиглан хөргөх, шингэн нөхөх эмчилгээ хийх зэрэг арга хэмжээг авч, байнгын хяналтад байлгаж байна.
Японы Цаг уурын агентлагийн мэдээллээр, Тама амьтны хүрээлэнгийн ойролцоох Хачиожи хотод долоодугаар сарын дунд үеэс агаарын температур 36–39 хэм хүрч, улсын хэмжээнд 40 хэмээс давсан температур нийт 34 удаа бүртгэгджээ. Долдугаар сарын 23-нд Шизүока мужид 41.1 хэм, Айчи мужид 40.8 хэм хүрсэн нь энэ зуны хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болсон байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Японд ажиглагдаж буй энэхүү рекорд тогтоосон халалт нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой бөгөөд цаашид 40 хэмээс дээш халуун өдрүүд илүү түгээмэл болох эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.