0

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 12-нд ээлжит бус хуралдаж, бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 12.5 хувь болгох шийдвэр гаргалаа.
Мөн банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 14.5 хувь болгосон байна.
Энэхүү шийдвэрийг инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэх зорилгоор гаргажээ.
Монгол Улсын жилийн инфляц энэ оны долдугаар сард 13 хувь хүрсэн байна. Шатахуун, хүнс болон төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын гол шалтгаан болж байгаа аж.
Түүнчлэн геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан шатахууны үнэ, нийлүүлэлтийн тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад инфляцын төлөв өмнөх төсөөллөөс өссөн нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна.
Харин нүүрс, зэс зэрэг уул уурхайн гол бүтээгдэхүүний үнэ өсөж, экспортын биет хэмжээ нэмэгдсэнээр худалдааны нөхцөл сайжирч, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлөн эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байгаа аж.
Мөнгөний бодлогын хорооны мэдээлснээр мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр наймдугаар сараас хүнсний инфляц саарах хүлээлттэй байна. Шатахууны үнийн өсөлт эрчимжихгүй тохиолдолд жилийн инфляц 2027 оны дунд үеэс зорилтот интервалд орж тогтворжих төлөвтэй байгаа ч нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үнэ өсөх зэрэг эрсдэл өндөр хэвээр байна.
Цаашид инфляц, нийлүүлэлтийн хүчин зүйлс болон дотоод, гадаад эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран бодлогын хүүгийн дараагийн шийдвэрийг тухай бүр гаргахаар болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.