0

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал болж, цаг үеийн нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 144 ШТС-д 1200 тонн АИ-92, орон нутгийн 82 ШТС-д 900 орчим тонн АИ-92 автобензин хүргэсэн байна. Энэ нь Монгол Улсын ердийн үеийн нэг өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ аж.
Мөн ОХУ-аас Монгол Улсыг чиглэн 180 вагон буюу 11 мянган тонн АИ-92 шатахуун замд явж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ирэхээр төлөвлөжээ.
Иймээс шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж, ШТС-уудад үүсэж буй ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байсан зарим зохицуулалтыг наймдугаар сарын 15-ны өдрөөс зогсоохоор болсон байна.
Тодруулбал, Автомашины улсын дугаарын сүүлийн орноор тэгш, сондгойг ялган 50 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун олгож байсан зохицуулалт энэ долоо хоногийн бямба гарагт буюу наймдугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох юм.
Түүнчлэн өнөөдөр орой гэхэд Улаанбаатар хотод 1200 тонн АИ-92 автобензин нэмж ирэх бөгөөд ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Онгоцны түлшний буюу ТС-1-ийн хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-аас 3000 тонн онгоцны түлш авах гэрээ байгуулж, эхний 1000 тонныг хүлээн аваад байна. Үлдсэн 2000 тонн түлш ойрын хугацаанд ирэхээр төлөвлөжээ. Мөн БНСУ-аас ЕВРО-5 стандартын шатахуун худалдан авах гэрээ байгуулсан байна.
Монгол Улс сард дунджаар 60-70 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Харин энэ наймдугаар сард ОХУ-аас 50 мянган тонн АИ-92, 15 мянган тонн АИ-95, нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 болон 5000 тонн ТС-1 шатахуун татан авахын зэрэгцээ БНХАУ, БНСУ-аас шатахуун авах гэрээ байгуулснаар газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа талаар шуурхай штабаас мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.