0

Үдээс хойш уусан нэг аяга кофе оройн нойрны чанарт сөргөөр нөлөөлж, унтахад хүндрэл учруулдаг. Учир нь кофейны нөлөө хэдэн цагийн турш үргэлжилдэг бөгөөд хүний биеэс гадагшлах хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг аж.
Кофейны биологийн хагас задралын хугацаа дунджаар 3–7 цаг байдаг. Өөрөөр хэлбэл, кофе ууснаас хойш хэдэн цаг өнгөрсөн ч кофейны тодорхой хэсэг хүний биед идэвхтэй хэвээр байж болно. Нас, биеийн онцлог, хэрэглэж буй эм болон бусад хүчин зүйлээс шалтгаалан энэ хугацаа өөрчлөгддөг байна.
Тухайлбал, 14:00 цагт уусан кофе орой унтах үед нөлөөлөх боломжтой. Ялангуяа кофейнд мэдрэг хүмүүсийн хувьд үдээс хойш хэрэглэсэн кофе нойр хүрэх хугацааг хойшлуулах, нойрны чанарыг бууруулах эрсдэлтэй.
Судалгаагаар унтахаас зургаан цагийн өмнө кофейн хэрэглэсэн тохиолдолд ч унтах хугацаа мэдэгдэхүйц буурч болохыг тогтоожээ. Мөн кофейны нөлөө хүн бүрт ижил байдаггүй тул орой унтахад хүндрэлтэй хүмүүс кофены хэрэглээний цаг, хэмжээгээ анхаарах хэрэгтэй.
Үдээс хойш эрч хүч буурсан үед дахин кофе уухын оронд ус уух, богино хугацаанд алхах, хөнгөн хөдөлгөөн хийх, цэвэр агаарт гарах зэрэг энгийн аргыг туршиж болно.
АНУ-ын Хүнс, эмийн захиргааны мэдээлснээр эрүүл насанд хүрсэн ихэнх хүний хувьд өдөрт 400 миллиграмм хүртэлх кофейн нь ерөнхийдөө сөрөг нөлөөтэй холбоогүй гэж үздэг ч хүн бүрийн кофейнд мэдрэг байдал харилцан адилгүй байна.
Харин нойрны асуудал удаан хугацаанд үргэлжилж, өдөр тутмын амьдралд нөлөөлөхүйц хэмжээнд байнга ядарч сульдах тохиолдолд өөрөө эмчилгээ хийхээс илүүтэй эмчид хандаж, шалтгааныг тодруулах нь зүйтэй.
Иймд орой нойр тань хулждаг бол кофегоо хэдийд, хэр хэмжээгээр ууж байгаагаа анхаарч, шаардлагатай тохиолдолд үдээс хойших кофейны хэрэглээгээ багасгахыг зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.