0

“Интермед эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан” гэх дуудлага өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 17-ны 09:56 цагт хуулийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг гаргаж, мэргэжлийн байгууллагууд эмнэлгийн байранд хяналт, шалгалт хийсэн байна.
Энэ талаар “Интермед” эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох мэдээлэхдээ, эмнэлгийн үйл ажиллагаанд эрсдэл учирч болзошгүй гэж үзэн хуулийн байгууллагад хандаж, шуурхай арга хэмжээ авсан гэв.
Тэрбээр эмнэлгийг бүрэн чөлөөлж, ажилтан, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангасан бөгөөд хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээ болон мэс заслын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн талаар мэдээлжээ.
Харин мэргэжлийн байгууллагуудаас “Интермед” эмнэлгийн байранд хийсэн хяналт, шалгалтын ажиллагаа бүрэн дуусаж, аюулгүй байдал баталгаажсан байна.
Үүнтэй холбогдуулан “Интермед” эмнэлгийн захиргаанаас мэдэгдэл гаргаж, “Мэргэжлийн байгууллагуудаас Интермед эмнэлгийн байранд хийсэн шалгалтын үйл ажиллагаа бүрэн дуусаж, аюулгүй байдал баталгаажсан тул манай бүх салбар, нэгж хэвийн ажиллаж эхэллээ” гэж мэдээлжээ.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.