dobu.mndobu

2026 он дуустал өндөр эрсдэлтэй цэргийн сургуулилтуудыг цуцалж, хойшлуулна

2026 он дуустал өндөр эрсдэлтэй цэргийн сургуулилтуудыг цуцалж, хойшлуулна

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан наймдугаар сарын 17-нд болж, цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, эрсдэлийг бууруулах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Тухайлбал, 2026 он дуустал эрсдэл үүсэж болзошгүй, өндөр дайчилгаа шаардсан бүх төрлийн сургуулилтыг цуцлах болон хойшлуулах шийдвэр гаргав.

Мөн намрын ургац хураалт болон бусад ажилд хууль, эрх зүйн хүрээнд цэргийн алба хаагчдыг оролцуулах тохиолдолд эрсдэл өндөртэй техник, тоног төхөөрөмж дээр ажиллуулахгүй байх нөхцөлийг гэрээнд тодорхой тусгаж, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хатуу мөрдүүлэхийг үүрэг болгожээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж буй “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болж, Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийх, аюулгүй ажиллагааны иж бүрэн хяналт шалгалтыг эхлүүлэх үүрэг чиглэл өглөө. Өмнө нь Батлан хамгаалах яамны харьяа бүх газар, нэгжид эрсдэлийн иж бүрэн үнэлгээ хийсэн бол энэ удаад уг ажлыг Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагын хэмжээнд өргөжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар цэргийн дүйцүүлэх албаны тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэхээр болов. Ингэхдээ хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт эрэлт хэрэгцээтэй байгаа багш, эмч зэрэг мэргэжлээр тодорхой хугацаанд ажилласан иргэнийг цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох боломжийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох журмын өөрчлөлтийг боловсруулан ажиллаж байгаа аж.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл, хүмүүжил, цэргийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Цэрэг, эх оронч хүмүүжил – Цэрэгжилтийн хичээл”-ийг энэ намраас туршилтын журмаар зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг өгчээ.

Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд тэдний гэр бүлийн гишүүдийг тогтвортой орлоготой болгох, өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх төслийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Батлан хамгаалах салбар цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, албаны орчин дахь эрсдэлийг системтэйгээр бууруулахын зэрэгцээ тэдний болон гэр бүлийнх нь нийгмийн баталгааг сайжруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байгаа аж.

Мөн сайдын зөвлөлийн хуралдаанаар Батлан хамгаалахын сайдаас өмнө өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, биелэлт 67.7 хувьтай байгааг танилцуулав. Үүнтэй холбогдуулан хэрэгжилт хангалтгүй байгаа зарим ажилд тавих хяналтыг сайжруулж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.