0

Дэлхийн тансаг зэрэглэлийн брэнд Loro Piana-ийн гүйцэтгэх захирал, LVMH группийн тэргүүн Бернар Арногийн хүү Фредерик Арно Монголд иржээ.
Тэрбээр өөрийн албан ёсны Instagram хаягтаа Монголын өргөн уудам тал нутгийг онгоцны цонхоор дарсан зураг нийтэлж, байршлыг “Ulan Bator, Mongolia” хэмээн тэмдэглэсэн байна.
Фредерик Арно 2025 оны зургадугаар сарын 10-нд Loro Piana-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд орсон бөгөөд өмнө нь LVMH-ийн цаг, бугуйн цагны бизнесийг хариуцан ажиллаж байжээ.
Loro Piana нь Монголын ноолуурын салбарт олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2025 онд “Resilient Threads” нэртэй таван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг санаачилга нь Сүхбаатар аймгийн таван сумын малчин өрхийн амьжиргааг дэмжихийн зэрэгцээ Монголын зүүн бүсийн хээрийн экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг илүү тогтвортой болгоход чиглэж байгаа юм.
Фредерик Арногийн Монголд хийж буй энэхүү айлчлал нь Loro Piana-ийн Монголын түүхий эд, ноолуурын үйлдвэрлэл болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Гэхдээ дэлхийн тансаг зэрэглэлийн салбарын томоохон төлөөлөгч Монголын тал нутгаас зураг нийтэлсэн нь олон улсын анхаарлыг Монголын байгаль, мал аж ахуй, тэр дундаа өндөр чанарын ноолуурын үйлдвэрлэлд дахин хандуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.