0

Улаанбаатар хотын 32-ын тойрогт нэгэн зэрэг 15 цахилгаан автомашин цэнэглэх боломжтой “Ногоон өртөө” цэнэглэх станц ашиглалтад орлоо.
Тус өртөөг Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан бөгөөд нийслэлийн төвийн бүсэд цахилгаан автомашины цэнэглэх дэд бүтцийг нэмэгдүүлэх зорилготой юм.
“Ногоон өртөө”-нд цахилгаан автомашиныг 5-30 минутын дотор бүрэн цэнэглэх боломжтой бөгөөд цахилгаан автобус ч цэнэглэх нөхцөл бүрджээ.
Том оврын цахилгаан автомашин 100 км зам туулахад ойролцоогоор 6,470 төгрөгийн зардал гаргах бөгөөд жилд 1.2 сая орчим төгрөг зарцуулна. Энэ нь бензин хөдөлгүүртэй автомашинаас 3-5 дахин бага зардал юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нийт 1,400 км замыг нэг ч литр шатахуун, түлш хэрэглээгүйгээр бүрэн цахилгаан хүнд даацын автомашинаар ачаа тээвэрлэсэн байна.
Цаашид 150 км тутамд нэг “Ногоон өртөө” байршуулж, улсын хэмжээнд нийт 500 цэнэглэх станцын сүлжээ байгуулахаар ажиллаж байна.
Ингэснээр жил бүр шатахууны импортод зарцуулдаг 200 гаруй сая ам.долларын мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх боломжтой болох юм.
Мөн жилд 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал буурах тооцоо гаргасан бөгөөд энэ нь 33 мянган янданг буулгасантай дүйцэх үзүүлэлт аж.
Засгийн газраас татварын нэг хувийг шинэ эдийн засаг, шинэ дэд бүтцэд хөрөнгө оруулах чиглэлээр хуульчлахаар төлөвлөж байна.
Ингэснээр шатахууны хараат байдлыг аажмаар бууруулж, иргэдэд цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах сонголтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.