dobu.mndobu

Их Британид хиймэл оюун ухааны тусламжтайгаар тархины хавдар авах дэлхийн анхны мэс заслыг амжилттай хийжээ

Их Британид хиймэл оюун ухааны тусламжтайгаар тархины хавдар авах дэлхийн анхны мэс заслыг амжилттай хийжээ

Их Британид хиймэл оюун ухааныг мэс заслын явцад бодит цагт ашиглан тархины хавдар авах дэлхийн анхны мэс засал амжилттай болжээ.

48 настай, хоёр хүүхдийн эцэг Рис Хиббертын тархины суурь хэсэгт байрлах өнчин тархины булчирхайн 11 мм хэмжээтэй, хоргүй хавдрыг University College London Hospitals-ийн мэс засалчид авчээ. Эмч нарын хэлснээр хавдар нь харааны мэдрэлийг дарж байсан тул мэс засал хийгээгүй тохиолдолд Хибберт хараагаа алдах эрсдэлтэй байжээ.

Мэс заслын үеэр тусгайлан боловсруулсан хиймэл оюун ухааны систем нь дурангийн амьд дүрс бичлэгийг бодит цагт шинжилж, мэс заслын багаж хэрэгслийн байрлалыг хянасан байна. Мөн тархины хавдрын ойролцоох, харагдахад бэрх судас болон мэдрэлийн байрлалыг тодорхойлон, хавдрыг аль хэсгээс нь аюулгүй авах боломжтойг эм нарт харуулжээ.

Хавдар нь тархийг цусаар хангадаг гүрээний артери болон харааны мэдрэлийн ойролцоо байрлаж байсан тул мэс засал нэлээд өндөр эрсдэлтэй байв. Өмнө нь ийм төрлийн мэс заслын үед хавдрыг бүрэн авах боломжгүй байх магадлал 25-50 хувь, том судас гэмтээх эрсдэл 0.5-2 хувь байжээ.

Судлаачид хиймэл оюун ухааны системийг өнчин тархины хавдар авах олон зуун мэс заслын бичлэгээр сургаж, судас болон мэдрэлийн байрлалыг дүрс бүр дээр тэмдэглэн системд таниулах боломж олгосон байна.

Мэс заслыг мэдрэлийн мэс заслын эмч профессор Хани Маркус болон Даниал Хан нар хийжээ. Тэд хиймэл оюун ухаан нь эмчийг орлох бус, шийдвэр гаргалтад туслах “хоёр дахь мэргэжилтний нүд” болж ажилласан гэдгийг онцолсон байна.

Хибберт мэс заслын дараа хараа нь эрс сайжирч, өмнө нь мэдэрч байсан ядаргаа, толгой эргэх зэрэг зовиур арилсан гэжээ.

“Энэ мэс засал миний амьдралыг буцааж өгсөн” хэмээн тэр ярьсан байна.

Мэргэжилтнүүд уг технологийг цаашид илүү олон өвчтөнд турших томоохон судалгааг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.