0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн 94 дүгээр зарлигаар боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжил, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий багш, эрдэмтэн судлаач, боловсролын байгууллагын ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагнасан бөгөөд шагналыг өнөөдөр гардууллаа.
Шагналыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир нар гардуулж, төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдэд баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Энэ удаагийн шагналаар боловсрол, эрүүл мэндийн сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, боловсролын судалгаа, удирдлагын байгууллагад олон жил ажилласан багш, судлаач, мэргэжилтнүүдийг шагнажээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Г.Ганхуяг – Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийн тэнхимийн ахлах багш, тэнхимийн эрхлэгч;
Д.Ганчимэг – Говь-Алтай аймгийн Боловсролын газрын ахмад ажилтан;
Д.Цэдэвсүрэн – Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга.
Алтангадас одонгоор:
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, коллеж болон боловсролын байгууллагад ажиллаж буй нэр бүхий 18 багш, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнийг шагналаа.
Тухайлбал, АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш А.Авирмэд, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Амаржаргал, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн багш Т.Мөнхтуяа, Техник технологийн коллежийн ахмад багш Д.Жаргал нар Алтангадас одон хүртлээ.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Гэрэлмаа, Б.Эрдэнэчимэг, Б.Гэрэлмаа, Р.Түвшинжаргал, Б.Лхамцэрэн, Р.Содномцэрэн, Ш.Мөнхбат болон ерөнхий боловсролын сургууль, их сургуулийн нэр бүхий багш нарыг шагнажээ.
Төрийн дээд одон, медаль хүртсэн нийт багш, эрдэмтэн судлаач, боловсролын байгууллагын ажилтнуудад баяр хүргэж, салбарын хөгжил, шинэчлэл болон ирээдүй хойч үеийн боловсролын төлөөх ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.




Хуваалцах:
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
5 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.