dobu.mndobu

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-08

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 16 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дугаарын хязгаарлалтаар зам ашиглаагүй өдрүүдийн зам ашигласны төлбөрийг хасаж тооцох, олон төрөлт нийтийн тээврийн нэгдсэн эрх зүйн орчин, тусгай хамгаалалттай Богдхан уулын газар ашиглалтын байдал, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах, хотын албан татварын хувь хэмжээг тогтоох, дахин төлөвлөлтийн төслүүдийн нөхцөл байдал, нийслэлийн Онцгой байдлын газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 12 асуудлыг хэлэлцлээ.

Дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоогүй өдрүүдийг зам ашигласны төлбөрөөс хасаж тооцно

2024 онд НИТХ-ын 24/29 дүгээр тогтоолоор автозам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн. Энэхүү автозам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоосон тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр танилцуулав. Ингэснээр иргэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд оролцоогүй бол тухайн өдрүүдийн автозам ашигласны татварыг төлбөрөөс чөлөөлөхөөр тусгажээ. Тухайлбал, 2026 онд улсын дугаарын тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоогүй 14 хоногийн төлбөрийг 2027 оны автозам ашигласны төлбөрөөс хасаж тооцох боломжтой. Харин автомашины татвараас хөнгөлөх асуудлыг Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шийднэ. Нийслэл саналаа Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх зарчимтай. 

Ресторан, зочид буудал, амралтын газар, авто үйлчилгээний татварыг 50 хувиар багасгана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих Хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийслэл хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд 2 хувийн татвар ногдуулдаг. Ресторан,  зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто үйлчилгээ зэрэг зургаан төрлийн үйлчилгээний татварыг 1 хувь болгож, 50 хувиар багасгана. Бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны татварыг 2 хувь хэвээр үлдээхээр тусгажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Наймдугаар сарын 6-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан. Энэ удаагийн зөвлөлийн хуралдаанаар шатахууны хомсдолоос шалтгаалсан инфляц, үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс дэмжлэг үзүүлнэ. Бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны татварыг бууруулахгүй. Харин ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхлэгчдийн татварыг 1 хувь болгож, 50 хувиар бууруулна” гэдгийг тодотгов.

Богдхан ууланд газар ашиглаж, барилга барьж буй асуудалд дүгнэлт гаргана 

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Богдхан уулын газар ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 2499 нэгж талбарт 2561 га талбай ашиглалтад байна. Тиймээс дархан цаазат Богдхан уулын газар нутагт хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага газар ашиглаж, барилга байшин барьж буй асуудалд онцгой анхаарч, дүгнэлт гарган танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн холбогдох удирдлагуудад үүрэг болгов.

Тодруулбал, тусгай хамгаалалттай газар нутаг Богдхан уулын амуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавихыг нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмонд даалгалаа. Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд барилга байгууламж барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохыг түр зогсоохыг төсөл болгон танилцуулахыг үүрэг болголоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.