0

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-нд хээрийн түймэр гарсан. Уг түймэртэй холбоотойгоор “Мобиком” группийн төлөөлөл тухайн бүс нутагт ажиллаж байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Үүнтэй холбогдуулан тус группээс албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Түймрийн дуудлага аравдугаар сарын 8-ны өдрийн 11:55 цагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэх газар, аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км, сумын төвөөс 125 км зайд хээрийн гал түймэр гарсан тухай мэдээлэл онцгой байдлын байгууллагад иржээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, өнөөдөр /2026.10.12/ 00:55 цагт түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Түймрийг унтраах ажиллагаанд бусад аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, хилийн цэрэг болон дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 109 хүн, 18 автомашин оролцжээ. Мөн БНХАУ-ын талаас 58 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр хилийн дагуу ажилласан байна.
“Мобиком” групп мэдэгдэлдээ, Халхголын хилийн отрядын бүсийн заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажлыг хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцсоныхоо дараа харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судалж, газар орны нөхцөл байдалтай танилцаж байжээ.
Энэ үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, улмаар тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон хэмээн тус группээс мэдээлсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.