0

Вьетнамын нийслэл Ханой хотод 15 настай охин нүүрэн дээрх батгаа шахаж, гэрийн нөхцөлд гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн түрхсэний дараа хүнд халдвар авч, улмаар нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Вьетнамын Халуун орны өвчний үндэсний эмнэлгээс зургадугаар сарын 27-нд мэдээлснээр, охины нүүрэн дээрх батганы шархаар дамжин Staphylococcus aureus төрлийн нян биед нь нэвтэрч, септик шок үүсгэсэн байна.
Халдвар богино хугацаанд тархаж, тархи болон уушгийг нь гэмтээжээ. Эмч нар охиныг амьсгалын аппаратад холбож, цусыг нь тасралтгүй шүүх зэрэг эрчимт эмчилгээ хийсэн боловч амийг нь аварч чадаагүй байна.
Мөн тус эмнэлэгт батгаа шахсаны дараа нүүрний хүнд халдвар авсан 32 настай эмэгтэй хүргэгдэн иржээ. Тэрбээр эмнэлэгт хэвтэхээсээ зургаан хоногийн өмнө духан дээрх батгаа хуруугаараа шахаж, өөрөө батганы тос түрхсэн байна.
Хэд хоногийн дараа дух нь улайж, хавдан, идээт буглаа үүсэж, халдвар зүүн нүдний орчимд тархжээ. Мөн өндөр халуурч, хүчтэй өвдөлт мэдэрсэн байна. Эхлээд хувийн эмнэлэгт хандсан ч биеийн байдал нь сайжраагүй тул Ханой дахь Халуун орны өвчний үндэсний эмнэлэгт шилжүүлжээ.
Эмч нар түүнд арьсан доорх зөөлөн эдийн халдвар буюу целлюлит оношилсон бөгөөд энэ төрлийн халдварыг цаг тухайд нь эмчлэхгүй бол цусанд халдвар тархах, олон эрхтний дутагдал үүсэх, цаашлаад амь насанд хүрэх эрсдэлтэйг анхааруулсан байна. Аз болоход, эмэгтэй цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч, антибиотик эмчилгээ хийлгэсний үр дүнд биеийн байдал нь мэдэгдэхүйц сайжирчээ.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, батгыг бохир гараар шахах нь арьсыг гэмтээж, нян арьсны гүн давхаргад нэвтрэх нөхцөл бүрдүүлдэг. Улмаар халдвар даамжирч, целлюлит болон сепсис зэрэг амь насанд аюултай хүндрэл үүсгэж болзошгүй юм.
Иймд батгыг гэрийн нөхцөлд шахахаас зайлсхийж, гараа тогтмол угаах, нүүрэндээ бохир гараар хүрэхгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөжээ. Батганы эмчилгээ шаардлагатай бол мэргэжлийн арьсны эмчид хандах нь зүйтэй аж.
Мөн батганы эргэн тойронд улайлт, хавдар хурдан нэмэгдэх, хүчтэй өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрөө эмчлэх гэж оролдолгүй, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.