0

Иргэн Б.Энхжаргал УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах D-Parliament цахим системд ипотекийн зээлийн жилийн хүүг 6 хувиас 4 хувь болгон бууруулах санал гаргажээ.
Ингэхдээ тэрбээр "Ипотекийн зээл нь иргэдийг орон сууцтай болгох, залуу гэр бүлийн амьдралын нөхцөлийг сайжруулах, гэр бүлийн санхүүг дэмжих нь төрийн бодлогын чухал хэрэгсэл юм. Гэвч өнөөдөр орон сууцны үнэ өндөр, өрхийн өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдсэн, цалин орлогын өсөлт амьжиргааны зардлыг бүрэн нөхөхөд хүндрэлтэй байгаа нөхцөлд 6 хувийн хүүтэй урт хугацааны зээлийн төлбөр олон өрхийн хувьд санхүүгийн томоохон дарамт болж байна. Зээлийн хүүг 6 хувиас 4 хувь болгон бууруулснаар иргэдийн сарын эргэн төлөлт багасаж, өрхийн орлогод эзлэх зээлийн дарамт буурна. Ингэснээр иргэдийн гар дээр үлдэх орлого нэмэгдэж, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүнс, ахуйн хэрэгцээ зэрэг зайлшгүй зардлаа санхүүжүүлэх боломж дээшилнэ. Мөн зээлээ хугацаандаа төлөх чадвар сайжирч, өрхийн санхүүгийн эрсдэл буурах эерэг үр нөлөөтэй. Энэ нь зөвхөн одоо ипотекийн зээл төлж байгаа иргэдийн асуудал биш юм. Орон сууцтай болох хүсэлтэй, зээлийн өндөр төлбөрөөс шалтгаалан байр авч чадахгүй байгаа олон мянган залуу гэр бүл, хөдөлмөр эрхлэгч иргэн бүрийн ирээдүйтэй холбоотой асуудал юм. Тиймээс дараах саналыг гаргаж байна.
Ипотекийн зээлийн хүүг бууруулах нь зөвхөн зээлдэгчдэд үзүүлэх дэмжлэг бус, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулж, дотоодын хэрэглээ, амьдралын чанар, гэр бүлийн санхүүд эергээр нөлөөлөх бодлогын арга хэмжээ гэж үзэж байна. Энэхүү санал нь нэг хүний бус, орон сууцны зээлтэй болон орон сууцтай болох хүсэлтэй мянга мянган иргэний нийтлэг хүсэл, эрх ашиг, нэгдмэл дуу хоолой юм.
Төр засаг иргэдийнхээ бодит амьдрал, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэхүү саналыг анхааралдаа авч, 4 хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлэх бодит шийдвэрийг гаргахыг хүсэж байна. Гэр бүл бүрт орон сууцтай болох боломжийг нэмэгдүүлж, өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг үзүүлье" хэмээжээ.
Уг өргөдлийг есдүгээр сарын 30-нд гаргасан бөгөөд санал авах хугацаа аравдугаар сарын 30-нд дуусахаар байна. Хэрэв энэ хугацаанд 100 мянган хүн дэмжиж гарын үсэг зурвал эл асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх юм.
Гарын үсэг зурах холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=95686f10-6a68-46c6-ad7e-ffb542e214c4
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.