0

Монгол Улсад урд өмнө бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн шүлхий, годрон өвчин саяхан баруун аймгуудад бүртгэгдсэнтэй холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, малын био бэлдмэл үйлдвэрлэдэг Биокомбинатын нөхцөл байдалтай танилцахад хэцүүхэн нөхцөл байдал угтсаныг Н.Номтойбаяр сайд өнгөрөгч долоо хоногт ярьсныг уншигч та санаж буй байх.
Орчин цагийн тоног төхөөрөмжгүй, ажиллах боловсон хүчингүй, тэтгэвэрт гарах дөхчихсөн цөөхөн хэдэн мэргэжилтнүүд л бууриа сахиж үлдсэн хэцүүхэн дүр зураг угтсан учраас энэ салбарт тууштай шинэчлэл өөрчлөлт хийх Засгийн газрын тогтоол баталснаа танилцуулсан билээ. Жилийн жилд л бидний ярьдаг сэдэв болсон шинжлэх ухааны хөгжил, түүнд зарцуулагдах төсөв, тэр дундаа ажиллах боловсон хүчний асуудал малын өвчлөлтэй зэрэгцэн төрийн анхаарлыг татсан хэрэг л дээ.
ТӨРДӨӨ МАРТАГДСАН 40 МЯНГАН ИРГЭН
Дан ганц мал эмнэлгийн салбарт ч бус хэл шинжлэл, байгалийн ухаан, инновац, физик, соёл урлаг, спорт, цаг уурын салбараа Монголын төр үргэлж анхаарлын гадна орхисоор ирсэн нь худлаа биш. Олуулаа учраас эмч, багш нар нь жагсаж тэмцэж, үйлдвэрчний эвлэл нь ажиллаж, төртэй хэлцэлд ороод жил бүхэн цалингаа нэмүүлчихдэг. Төр ч тэднийг цаг ямагт бодлогоор анхаарна. Харин шинжлэх ухаан, соёл, урлаг, спортын судалгаа шинжилгээ, цаг уурын байгууллага үргэлж орхигдож, мартагдаж ирэв. Тиймдээ ч энэ салбарт ажиллах залуу боловсон хүчин олдохоо больж, тэтгэврээ хүлээж буй цөөхөн хэдхэн хүн бууриа манаж, хаалга үүдийг нь хаачихгүй сахиж суудаг болсон. Шинжлэх ухааны салбарын төлөөлөл УИХ-д орж ирснээрээ хуулийн төслүүдийг өөрчилж, цалингийн нэмэгдлийг ярьдаг болсон бол соёл урлаг, спорт хоёр нь нэг яамнаас нөгөө рүү “шидэгдэж”, салбарын сайд нь жил хүрэхгүй солигдож, үндсэндээ бор зүрхээрээ л төрдөө зүтгэж байна.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт УИХ-аас баталсан 2026 оны төсвийн тодотголын долоон том өөрчлөлтийн нэг нь соёл, спорт, цаг уурын салбарт ажиллаж буй ажиллагсдын цалинг 50 хувиар нэмэх шийдвэр байлаа. 2025 оны статистик мэдээллээр улс, аймаг, сумын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 33-34 мянга, цаг уурын салбарт 1900, биеийн тамир, спортын салбарт 4300 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд тэдний цалин 50 хувиар нэмэгдэхээр болж байна. Төрдөө мартагдсан байсан 40 мянган иргэнийхээ асуудлыг сая л нэг анзаарч, анхаарч бүрэн шийдлээ. Түүнчлэн, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн 50 хувийн нэмэгдэлд 170 тэрбумыг төсөвлөөд байгааг мөн Засгийн газраас танилцууллаа.
БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛИЙН МАРГААН ЭЦЭСЛЭГДЛЭЭ
Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдсон даруйдаа боловсрол, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцахаас ажлаа эхлүүлж байлаа. Энэ үеэр багш, эмч нар цалингийн хоёр өөр системтэй болсон толгой эргэмээр бэрхшээлээ ярьсан юм. Тодруулбал, 1.4 сая төгрөгийн үндсэн цалинтай багш нар өмнөх Засгийн газрын шийдвэрээр 50 хувиар цалингаа нэмэгдүүлж, 2.2 сая төгрөгийн үндсэн цалинтай болжээ. Гэтэл анги даалт нь үндсэн цалингаасаа бодогдож, бусад нэмэгдэл болон нэмэлт хөлс нь 1.4 саяын хуучин цалингаасаа бодогддог буюу шинэ, хуучин гэсэн хоёр системтэй болсон аж.
Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй шинэ, хуучин гэсэн хоёр системтэй болоод байсныг өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэж, 50 хувийн нэмэгдэлтэй 2.2 сая төгрөгийн үндсэн цалингаасаа нэмэгдэл хөлс, нэмэлтүүдээ тооцуулдаг, татвар, нийгмийн даатгалаа төлдөг байхаар өөрчилж, эмхэнд нь оруулсан билээ.
Тэгвэл 2026 оны төсвийн тодотголоор арваннэгдүгээр сарын 01-нээс багш нарын цалингийн төсөвт дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэснээр 30 хувиар нэмэгдээд байгаа эмч нарын цалингийн үлдсэн 20 хувийн нэмэгдлийн мөнгийг ч шийдвэрлэв. Ингэснээр эмч, багш нарын цалингийн зөрүүгийн маргаан нь дутагдаж байсан төсвийнхөө хамтаар эцэслэгдлээ. Он дуустал олгох цалингийн төсвийн 844 тэрбумыг УИХ-аар шийдлээ. Ирэх онд ч инфляцтай уялдуулан эмч, багш нарын цалинг ч үе шаттайгаар нэмээд явна гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн юм.
Дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, шатахууны хомсдол, эдийн засгийн хямралт нөхцөл байдлын эсрэг агаарын мега төслөөс ярихаас илүү иргэдийнхээ ахуй амьдралыг дэмнэж, хөдөлж, хөдөлмөрлөж байгааг нь урамшуулж, өрхийн үүдээр орох мөнгийг нэмэгдүүлэх бодитой бодлого зарласан Засгийн газар өрхийн үүдээр орох бодит мөнгөн урсгалыг түүхэнд байгаагүйгээр нэмж чадлаа. Монголын төр хүнээ боддог, хүндээ наалдацтай шийдвэр гаргахын төлөө ажиллаж буйгаа үгээр бус үйлдлээрээ харуулав.
Боловсролын салбарт нэгэн насны амьдралаа зориулж, самбар, шохой хоёртой 30 жил нөхөрлөж яваа багшийн орлого 50 хувийн нэмэгдлээр баталгаажжээ. Хоногийн 24 цагаар жижүүрлэж, өдөрт 10 хагалгааны цаана гарч буй эмчийн орлого дахиад 20 хувиар нэмэгдлээ. Монголын мянга, мянган хүүхэд залуусыг спортод дурлуулж, нөхөрлүүлж, олимп, дэлхийн аваргууд бэлтгэж буй дасгалжуулагчид, хөдөөгийн буйдхан аймаг, суманд соёлын үрийг тарьж яваа соёл урлагийн салбарынхан, цаг агаарын аюулт осол үзэгдлээс сэрэмжлүүлэх ажлыг 24 цагаар хийж яваа ажилтнуудынхаа амьдралд бодит дэмжлэгийг төр үзүүлсэн нь энэ юм. Хамгийн чухал нь нэмэгдсэн энэ бүх цалингийн 972 мянгад татвар ногдуулахгүй бөгөөд иргэний халаасанд орлого болж үлдэх бодлого ч хэрэгжиж эхэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.