0

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар хэлэлцэж, Засгийн газарт дахин чиглэл өгөхөөр боллоо.
Улсын хэмжээнд 95 аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж буй 106 орон сууцны төсөл асуудалтай байгааг тогтоожээ. Эдгээрээс 37 нь барилгын зөвшөөрөлгүй эхэлсэн бол 69 төсөл зөвшөөрөлтэй ч хугацаандаа ашиглалтад ороогүй байна.
Орон сууцны захиалгын хохирогчдын төлөөлөл сүүлийн долоон сарын турш төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ч бодит үр дүн гарахгүй байна гэв. Улсын хэмжээнд 800 гаруй төсөл зогсонги байдалд орж, 80-100 мянган иргэн шууд болон шууд бусаар хохирсон, 120 мянга гаруй захиалагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа аж.
Мөн “Андын зам констракшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн орон сууцны төслийн хүрээнд газраа чөлөөлсөн 282 иргэн өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй байна. Энэ төслийн хүрээнд нийт 799 хохирогчтой холбоотой хэргийг шалгаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн орон сууц захиалагчдын эрх ашгийг хамгаалах, давхар худалдаа болон залилангийн эрсдэлийг бууруулах зорилгоор Орон сууцжуулалтын тухай болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байгааг мэдээллээ.
Хуулийн төсөлд барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй тохиолдолд захиалга авч, хөрөнгө татахыг хязгаарлах зохицуулалт тусгажээ.
Түүнчлэн барилгын зөвшөөрөл, сууцны мэдээлэл, урьдчилсан тэмдэглэлийг нэгтгэсэн цахим мэдээллийн санг 2026 оны арваннэгдүгээр сард нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэв.
Орон сууц захиалгын залилантай холбоотой 86 компанид холбогдох, 2,569 иргэнийг хамарсан, нийт 206 тэрбум төгрөгийн хохирол бүхий хэргүүдийг шалгаж байна. Эдгээр хэргийн хүрээнд 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирол барагдуулж, 42.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалалтын арга хэмжээнд хамруулжээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 89 тэрбум төгрөгийн шаардлагатай 1,338 гүйцэтгэх баримт бичгийн хүрээнд ажиллагаа явуулж, 44 иргэнд 3.2 тэрбум төгрөгийн хохирол нөхөн барагдуулсан байна. Төлбөр барагдуулах зорилгоор 242 үл хөдлөх хөрөнгө, 43 дуусаагүй барилгыг тогтоожээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны мэдээлснээр, асуудалтай 106 төслийн 27 нь орон нутагт хэрэгжиж байгаагаас долоо нь Дархан-Уул аймагт байна. Түүнчлэн 2028-2030 онд ашиглалтад оруулах боломжтой 36 мянган айлын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэхэд инженерийн дэд бүтцийн зориулалтаар 222.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс 90 тэрбум төгрөгийг нийслэлийн 2027 оны төсөвт тусгахаар төлөвлөж буй аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.