dobu.mndobu

Хотын орлогч Ж.Сандагсүрэн 19 тэрбумын автобусны тендерийг Сүлдэрхан минералс ХХК-д өгсөн үү

0

НийтлэлчАдмин

Огноо2023-02-02

Хотын орлогч Ж.Сандагсүрэн 19 тэрбумын автобусны тендерийг Сүлдэрхан минералс ХХК-д өгсөн үү

-СҮЛДЭРХАН МИНЕРАЛС ХХК 4 КОМПАНИАС ХАМГИЙН ӨНДӨР ҮНИЙН САНАЛ ӨГСӨН Ч ТЕНДЕРТ ЯЛАВ-

Нийслэлийн хоолойд тулсан нийтийн тээврийн парк шинэчлэлт хийгдэж эхэлсэн. Өвөлдөө хүйтэн, автобусны бохир заваантай ярих юм байхгүй тул парк шинэчлэлтийг баярлан хүлээж авах иргэд олон. Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, Улаанбаатарын утааны тодорхой хувийг бүрдүүлдэг хугацаа хэтэрсэн, хэрэгцээ шаардлага хангахаа больсон автобуснаас үе шаттай салах нь зөв. Гэхдээ нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд тендерийн цавчаа хийж хэрхэвч болохгүй. Тендерийн сонгон шалгаруулалтад танил тал, тал тохой татаж бүр боломгүй баймаар. Харамсалтай нь хүссэн зүйл хүзүүгээр татах нь элбэг юм. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас НХААГ-21/015 тоот дугаар бүхий Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил гэх 60 автобус нийлүүлэх тендерийг 21 тэрбум 393 сая 900 мянган төгрөгөөр зарласан байдаг. Уг тендерт Моннис моторс 16 тэрбум 999 сая, Сүлдэрхан минералс ХХК 19 тэрбум 140 сая төгрөг, Еврохан 17 тэрбум 189 сая, Эм Эс И партнерс 17 тэрбум 999 сая төгрөгийн үнийн санал өгсөн.

     Тэгвэл уг тендерт Сүлдэрхан минералс ХХК ямар замын нэгдүгээр эгнээгээр шалгарав гэдэг нь анхаарах асуудал мөн. Өрсөлдөгч гурван компаниасаа хэдэн тэрбумаар илүү үнэ өгсөн компанийг яагаад шалгаруулав. Үүний ард ямар эрх ашиг нуугдаж байгааг судалж үзье. 60 автобусны тендерт жороолон байж түрүүлсэн Сүлдэрхан минералс ХХК 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан, Ганбатын Баттулга, Ихбаярын Болдцэцэг нар хувь эзэмшдэг байсан. Г.Баттулга 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хувь эзэмшлээс нэрээ хасуулсан байгаа юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал нь И.Болдцэцэг бөгөөд компанийн хаяг нь Улаанбаатар, Хан-Уул, 18-р хороо, тайм скүэр, их монгол улс гудамж, 511 байр 1103 тоот гэснээс харвал оффис бус орон сууцны хотхоны хаяг бүртгэлтэй байх юм. Тус компани өмнө нь үйл ажиллагааны чиглэл дээрээ Гадаад худалдаа гэсэн ганц үндсэн чиглэлтэй байсныг компанийн гэрчилгээний хуулбараас харж болно.

[caption id="attachment_1586" align="aligncenter" width="501"] Сүлдэрхан минералс ХХК Улсын бүртгэлийн гэрчилгээ солигдохоос өмнө[/caption]

     2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үйл ажиллагааны чиглэлдээ өөрчлөлт оруулж Авто машины түрээсийн үйлчилгээ, Нийтийн тээврийн автобусны засвар үйлчилгээ, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Хүнд машин механизмын түрээс, Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, Музейн тоног төхөөрөмжийн худалдаа, Хүнд машин механизмын засвар, үйлчилгээ, Нийтийн тээврийн автобусны худалдаа, Хүнд машин механизмын худалдаа, Гадаад худалдааны чиглэл болгосон байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобусны тендерт оролцохын тулд компанийн үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн үү гэдэг хардлага урган гарч байгаа юм.

-САНГИЙН ЯАМ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГЭЖ ҮЗЭН ДАХИН ТЕНДЕР ЗАРЛАХ ЁСТОЙГ САНУУЛСАН Ч СҮЛДЭРХАН МИНЕРАЛС ХХК-Д ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОВ-

     Тэгвэл тендерт хамгийн өндөр үнийн санал өгсөн, тендерийн шаардлагыг бүрэн хангаагүй Сүлдэрхан минералс ХХК-г тендерт шалгаруулжээ. Тиймээс тендерт хамт оролцсон Моннис моторс, Еврохан, Dailan dongheng mechanical electrical engineering Co.,Ltd компаниудын зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Гомдлын агуулга нь эдгээр компаниудын тендерийн саналаас татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй, хамгийн бага үнийн санал ирүүлээгүй, шаардлага хангахгүй “Сүлдэрхан минералс” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон нь хуульд нийцэхгүй талаар дурдаж, тендер шалгаруулалтыг хянаж үзэхийг хүссэн байх юм.

     Сангийн яам гомдлыг хянасаны дараа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 2021.06.24 №6-1/3556 тоот Гомдол хянасан тухай албан бичиг хүргүүлсэн байдаг. Уг албан бичгийн агуулгад “Сүлдэрхан минералс ХХК нь өөрийн эзэмшлийн засварын төвгүй ба “Бадрангуй орших” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-д “4.Өөрийн эзэмшлийн албан ёсны баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ.” гэж заасныг хангахгүй байна гэсэн байгаа юм. Мөн “Мета менежмент” ХХК-тай 2019 онд байгуулсан 120 сая төгрөгийн үнэтэй “Автобус, микро автобус нийлүүлэх гэрээ” нь ТОӨЗ 18.2(б)-д “Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төсөлтэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх” гэсэн шаардлагыг хангахгүй байна” гэжээ. Түүнчлэн “Сүлдэрхан минералс ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 66/21 тоот мэдэгдлээр “Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “маш нууц” зэрэглэлийн “Машин бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж, задруулахгүй үүрэг хүлээсэн... иймд ижил төстэй ажлын гэрээг хавсаргаагүй...” гэж дурдсан байх бөгөөд тус албан бичгээр тухайн оролцогчийн ижил төстэй ажлын туршлага тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.2(б) заасан шаардлагыг хангана гэж үзэхгүй байна” гэдгийг тодотгожээ. Энэ мэтчилэн есөн шаардлагыг Сүлдэрхан минералс ХХК огт хангаагүй байна.

     Иймээс “Шаардлага хангахгүй “Сүлдэрхан минералс” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдье” хэмээн тов тодорхой албан тоотыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлжээ. 

[caption id="attachment_1588" align="aligncenter" width="696"] Сүлдэрхан минералс ХХК тендерийн шаардлага хангахгүй байгаа талаарх Сангийн яамны НХААГ-т илгээсэн албан бичгийн зарим хэсэг[/caption]

       2021 оны 09 дүгээр сарын 27-нд Еврохан ХХК тендерийн шийдвэрт дахин гомдол гарган үнэлгээ хийлгэхийг хүссэн байгаа юм. Сангийн яам гомдлыг дахин хянаад тендер шалгаруулалтыг дахин хийхийг мэдэгдсэн хариуг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт дахин хүргүүлжээ.

     Гэвч Сангийн яамны дүгнэлт болон тендерт оролцогч бусад компаниудын гомдлыг хүлээж авалгүй 60 автобус нийлүүлэх тендерийн зам шуударсан байх аж. Хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ гэдэг шиг зүтгүүлсээр байгаад тус компанид тендерийг атгуулж, захиалгыг нь хийлгэсэн байдаг.

     21 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн тендер шударга зарчмаар явах нь юу л бол гэсэн нийгмийн хардлага байсаар байна. Анхаарал татсан нэг зүйл нь энэ тендерийн ялагч Сүлдэрхан минералс ХХК нь ганцхан ажилтантай бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд сард 106600 төгрөг төлж ирснээс нь харж болох юм. Тэгвэл уг тендерийг Сүлдэрхан минералс ХХК-д олгосон хүнээр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нэрлэгдэж байгаа юм. Тэрбээр уг тендерийг өөрийн найзад өгч дундаас нь хувь авсан байж болзошгүй гэх хардлага байна. Байгуулсан гэрээг хамтдаа үзье.

[caption id="attachment_1595" align="alignleft" width="297"] Зүүн гар талаас Ж.Сандагсүрэн, Ж.Түвшинбаяр нар. JCI байгууллагаас санаачилсан "Амьдрал бэлэглэе" аяны үеэр. 2014 он.[/caption] [caption id="attachment_1596" align="alignnone" width="359"] 2018.08.01 өдөр. И.Болдцэцэг, Ж.Сандагсүрэн нар. JCI байгууллага Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтарсан "Номын баринтаг" төслийн үеэр.[/caption]

    Хотын орлогч Ж.Сандагсүрэн болон Сүлдэрхан минералс ХХК-ийн Гүйцэтгэх захирал И.Болдцэцэг, компанийн Ерөнхий менежер хэмээх Жамсранжавын Түвшинбаяр нар JCI байгууллагаар дамжин олон жилийн өмнөөс нөхөрлөж ирсэн. Тэд "JCI capital" байгууллагад харьяалагддаг. Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа И.Болдцэцэгтэй хамтран “Номын сан” төслийг хэрэгжүүлж байсан юм. Энэ мэтчилэн тэдний хамтдаа авахуулсан зургаа гэрэл зургийн цомог бэлдэж ч болохоор байгаа юм. Ямартай ч шүүхийн маргаан, Сангийн яамны тендерийг дахин зарлах сануулгыг үл ойшоон 2021 оны 10 сарын 27-нд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Сүлдэрхан минералс” ХХК-тай 60 ширхэг автобусны гэрээг ийнхүү байгуулсан байна. 

     2021 оны 9 дүгээр сард Сангийн яамны ТБНД С.Наранцогт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, тухайн тендерт "Сүлдэрхан минералс" компани шалгарсан. Дээр дурдсан хуулийн дагуу тендерт оролцсон компаниуд 18 зүйлээр гомдол гаргасан. Тухайн өрсөлдөгч компаниуд тендерийн материалтай танилцаж, гомдлоо гаргасан тохиолдолд үнэн зүйлийг ямар нэгэн албан тушаалтны хүсэлтээр худлаа болгох, худлыг үнэн болгох ямар ч боломжгүй. Манай улсын байцаагч 18 зүйлийн гомдлыг шалгахад шаардлагыг “Сүлдэрхан минералс” компани хангаагүй байсан гэж дүгнэсэн” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан.

     Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “2022 онд 532 автобусны ашиглалтын хугацаа дуусна. Гэтэл автобусны тендерийг Сангийн яамны ТНБД С.Наранцогт гацаасан тул ашиглалтын хугацааг сунгахаас өөр аргагүй болсон. Тэр дөрөв дэх компанийг шалгаруулахгүй бол АТГ-т хандана гэсэн” хэмээн хэвлэлээр мөн хариу барьж байв. Хуулийн шаардлага хангаагүй гэсэн Сангийн яамны тайлбарт ундууцан барин гэрээ байгуулах ямар ашиг сонирхол байна вэ гэдэг нь асуулт хэвээрээ байгаа юм. Танил тал, тал тохой татаж шалгаруулсан гэгдэх уг тендерийн ялагч “Сүлдэрхан минералс” ХХК 2021 оны 12 дугаар сард багтааж автобуснуудаа оруулж ирэх байсан ч өнгөрөгч оны хоёрдугаар улирлын сүүлээр эхний автобус Улаанбаатарт ирж байсан юм.

-СҮЛДЭРХАН МИНЕРАЛС ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМД 31.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙНТЕХНИК НИЙЛҮҮЛЖ “МАШ НУУЦ” АНГИЛАЛД ОРУУЛСАН-

Өөр нэг сонирхолтой зүйл нь Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарыг 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад тус яамнаас зарлагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа байгууллагуудын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд /4багц/ тендерийн УУХҮЯ/202003017 дугаартай Үндэсний геологийн албанд тавилга нийлүүлэх 130 сая төгрөгийн тендерт шалгарч байж.

Энэ гэрээний нийлүүлэгчийг төлөөлж хэсэгт И.Болдцэцэг, Ж.Түвшинбаяр нарын нэр тодорхой харагдана. 

Үүнийг санамсаргүй тохиолдол гэж харж болох ч 19 тэрбум 140 сая төгрөгийн автобус нийлүүлэх тендерийн хамгийн өндөр үнийн санал өгч, Сангийн яам тендерийн шаардлага хангаагүй 9 заалтыг илгээсэн байхад тендерт ялуулна гэдэг нь хуулийн дагуу бол огт биш. Санамсаргүй тохиолдол бүр ч биш.  

Өөр нэг анхаарал татсан зүйл байгаа нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газар”-т 18 тэрбум 679 сая 684 мянган үнийн дүнтэй “Машин, механизм, техник бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ээр 88 ширхэг зам, төмөр замын техник хэрэгсэл нийлүүлсэн байдаг. Уг гэрээ нь тухайн үеийн ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулагдсан Дэд ажлын хэсгийн 38 дугаар гэрээ байгуулах зөвлөмжийг үндэслэн шууд гэрээ байгуулсан байгаа юм.

Энэ гэрээг байгуулахаас хоёр сарын өмнө 12 тэрбум 647 сая 264 мянган төгрөгийн үнийн дүнтэй “Машин механизм нийлүүлэх Маш нууц зэрэглэлтэй гэрээ”-г мөн байгуулсан нь анхаарал татна. Нийтдээ 31.2 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулсаныг харахад зүгээр нэг тендерт оролцдог жижиг компани яав ч биш болж таарч байгаа юм. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ийн даргаар одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар ажиллаж байсан юм. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн 2012-2016 онд Сонгинохайрхан Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, 2013-2016 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, 2020 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, 2021 оноос Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байгаа. Түүний намтар Сонгинохайрхан дүүрэгтэй салшгүй холбоотой. Тэрбээр 2013-2016 онд УИХ-ын гишүүн, одоогийн Хотын даргын зөвлөхийн ажлыг хийдэг байсан. 

“Сүлдэрхан минералс” ХХК нь Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн байгаа газруудаас тендерт шалгарч ирсэн нь АТГ-ынхан хараагаа улам сайжруулах шаардлагатайг сануулж байна. Ж.Сандагсүрэн өнөөдрийг хүртэл хэний удирдлага дор ажиллаж ирсэн гэхчилэн утасны үзүүр Хотын дарга руу чиглэж орлогч нь даргаа хөлдөө чирэх вий. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.