dobu.mndobu

Э.Ариунболд: Хуучин бүхнийг хаях ёстой гээд босоо монгол бичгээ мартаж болохгүй  

Э.Ариунболд: Хуучин бүхнийг хаях ёстой гээд босоо монгол бичгээ мартаж болохгүй  

Энэ жилээс эхлэн төрийн албан бичгийг монгол бичиг болон кирилл үсгээр хослуулан хөтлөхөөр болсон. Энэ хүрээнд холбогдох сургалт сүүлийн жилүүдэд зохион байгуулагдаж, техник технологийн хувьд ч шинэчлэлтийн ажлууд хийгдээд буй. Яг энэ цаг үед иргэд олон нийтийн дунд ч багагүй маргаан гарсан. Хөгжил дэвлийн зүг алхаж байгаа энэ цаг үед орхигдсон хуучин зүйлээр яах вэ гэдэг асуудал ч үүссэн.  Бид энэ удаад Монгол Улсын Соёлын элч, Титэм арт академийн тэргүүн, уран бичээч Э.Ариунболдтой Монгол бичгийн өв соёл, түүнийг түгээн дэлгэрүүлэх талаар цөөн хором ярилцлаа. 

Та хэдэн оноос эхлэн уран бичвэрээр хичээллэсэн бэ? Ямар чанарт нь татагдав


Титэм арт академи анх 2015 онд байгуулагдсан. Язгуур урлаг, хөгжим бүжиг, өв соёл гэх мэт урлагийн боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Би өөрөө дүрслэх урлаг, дизайн технологийн багш мэргэжилтэй. Гэхдээ 1993 оноос эхлэн МУГБ Чулуунбор багшаар заалган монгол бичгээр хичээллэж эхэлсэн. Улмаар Монгол Улсын Боловсролын их сургуульд багшилж байх үеэсээ уран бичлэгээр хичээллэж эхэлсэн юм. 


Уран бичлэг гэдэг бол тэр чигээрээ оюун санааны, амар амгалан оршихуйн, дотоод ертөнцөө чагнах боломж юм. Тэр үеэс үүнийгээ хүүхэд залууст ч мөн хүргэе гэдэг зорилгын төлөө явж эхэлсэн. Үүнийгээ ч дагаад бидний бичиг соёлын өв хэдий үеэс эхэлсэн юм бэ гэдгийг судлах шаардлагатай болсон. Бичгийн хэв маяг, хэлбэр дүрс он жилийн уртад ямар маягаар уламжлагдан ирсэн юм, монголчууд хэрхэн хадгалж байсан юм гэдгийг хэн ч бай судлах л хэрэгтэй. Тэгж байж л сая өв соёлоо танин мэднэ шүү дээ.

 
Монгол бичиг босоо зурлагатай, хүний бие махбодтой салшгүй холбоотой, асар хурдан бичих боломжтой, цөөн үсэгтэй учраас гар өвтгөхгүй гэх мэт олон давуу талтай. Нэмээд бид эх хэлээрээ ярьж байгаа учраас авиа зүйн бичгийн хэлбэр тун зохимжтой байдаг.  Жишээлбэл, “цагаан” гэдэг үгийг ястан бүр өөр өөр аялгаар хэлж ярьдаг ч бичиглэл зүйн үндэс нь нэг байдаг. Язгуур нь нэг байдаг гэсэн үг. Эдгээрийг маш ойлгомжтойгоор тайлбарлаж түгээж байсан эрдэмтдийн ном бүтээл олон бий. Тэдний нэг нь Чоймаа багшийн бэлтгэн хүргэдэг байсан монгол бичгийн хичээл. Маш гайхалтай зөв ойлголтыг өгч байсан. 

Хэл, бичгийн соёл нь тухайн үндэстнийхээ дархлаа болох тухайд та ямар бодолтой явдаг вэ?

Бусад улсаас ялгарах ялгарал, ондоошил, үндэсний үзэл, бахархал бол зайлшгүй хэл бичгийн соёл. Цаашлаад үндэстний дархлаа мөн. Соц нийгмийн үед хойд хөршийн сургалтын системээр явж байсан учраас кирилл үсэгт шилжихээс өөр арга байгаагүй. Түүний хүчинд дэлхийн түвшний судалгаа шинжилгээний ажил, шинжлэх ухааны ойлголтыг маш хялбараар олж авсан. Одоо ч яг тэр эрчээрээ судалгаа шинжилгээ гэх мэт бүх зүйлд хэрэглээд дэлхийн түвшинд явж байгаа. Нөгөөтээгүүр техник технологийн эрин зуунд уламжлал шинэчлэлийг хэрхэн хослуулах вэ гэдэг асуудал үүснэ. Үүнийг шийдвэрлэх орчин үеийн хэрэглээтэй нийцүүлэх гэх мэт асуудлыг холбогдох албаныхан, засгийн газар хэрэгжүүлээд явах байх. 
Хоцрогдсон хуучны энэ бичгийг сурах нь ямар хэрэгтэй юм бэ гэсэн ойлголт түгээмэл байгаа нь ажиглагдах болсон. Гэтэл бид өнгөрсөн түүхээ мартаж огт болохгүй. Бичиг соёл гэдэг нь тэр чигээрээ түүх шүү дээ. Олон улсад “Монгол” гэдгээ бид юугаар батлан харуулж, ялгарч ирсэн юм гэдгээ мартаж болохгүй. Тиймээс ч илүү судалж, мэдэх хэрэгтэй. Өдөр бүр гар утсаараа босоо бичгээр бичээд байна гэсэн үг биш, мэддэг, уншдаг, бичдэг байхад л болно. Мөн чанарыг нь ойлгосон байхад устаж үгүй болохгүй. Эх орон гэдэг зүйлийн үнэ цэн, утга учир бүхэлдээ бидний өвөг дээдсийн үлдээсэн бичиг соёлын өвд хадгалаатай бий.

Та өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнд монгол бичиг заасан бэ?

Гаднын улсад сургалт зохион байгуулаад явж байхад надад “танай улс зуу гаруйхан жилийн бичиг үсгийн соёлтой биз дээ” гэж хэлэх тохиолдол олон байсан. Тэр үед би 2000 гаруй жилийн түүхтэй, цор ганц босоо бичигтэй улс гэдгээ хэлдэг юм. Одоо ч орчин үеийн техник технологитой хослуулах тухай судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байгаа нь талархууштай. Хүүхэд залууст танин мэдүүлэх, зааж сургах ажлыг хийж байгаа хүний хувьд, бид үнэт зүйлсээ алдаагүй байгаа гэж бодож байна. 


Уран бичээчдийн зүгээс залууст үлгэр дуурайлал үзүүлэх, эх хэл бичгээ сурч судлахын сайхныг мэдрүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулсаар иржээ. Тэр хэмжээгээрээ ч нөлөөлж чадаж байгаа. Сүүлийн 15 жилийн хугацаанд миний хувьд 100 орчим сургуулийн арван мянга орчим хүүхдэд монгол бичиг заажээ гэж баримжаалдаг юм. Хүүхдэд өөрийнх нь нэрийг босоо бичгээр бичээд өгөхөд гайхдаг. Миний нэр ингэж гоёор бичигддэг юм уу, монгол бичиг ийм гайхалтай хэлбэр дүрстэй юм уу гэж асуудаг. 


Нөгөөтээгүүр хувь хүн бус нийгмийн байдалд ч хүрээллээ тэлж байгаа. Албан байгууллагууд нэг хэсэг дан гадаад нэртэй хаяг өлгөдөг байсан. Хаа ч явсан англи, орос хаяг таардаг байлаа. Харин одоо нэг үеэ бодвол байгууллагынхаа нэрийг босоо болон кирилл үсгээр хослуулан хэрэглэдэг болсон байна. Маш талархууштай зүйл. Тэр болгоныг хүүхэд хараад энэ бидний бичиг үсэг гэдэг ойлголт үлдэж байгаа юм. Хятадад ч юм уу очихоор зөвхөн өөрсдийн бичиг үсгээрээ л хаяг хийсэн байдаг юм. Тэр нь үндэсний үзэл, дархлаа юм шүү дээ.

Гэтэл бид яагаад Өвөрмонголчууд шиг анхнаасаа монгол бичгээ хэрэглээгүй юм бол?

Япон улс албан бичиг болон хэрэглээний үсэг ханз аа ягштал цээжилж байнга хэрэглэдэг. Хятад улс 50-60 мянган ханзыг цээжилж байж төрийн албан хаагч болдог байх жишээтэй. Ийм олон ханзыг цээжлээд өдөр бүр хэрэглээд болоод байхад бид 27 үсэг цээжилж чадахгүй байна гэдэг байж болохгүй л хэрэг шүү дээ. Үүнд анхаарч чадахгүй байна гэдэг л бид боловсролдоо анхаарлаа хандуулалгүй орхиж ирснийг илтгэж байгаа юм. Мөн бид өөрсдийн бичиг үсэгээ хуучин гэх мэтээр үгүйсгэх, өөрсдийн өв соёлоосоо хөндийрөх хандлага ч мөн анзаарагддаг болсон. Үүнээс шалтгаалж л 27 үсгийг сурч чадахгүй төвөгшөөх байдал харагдах болсон болов уу. Бусдаар залхуудаа ч биш л байх. Харин ч хүүхдүүдтэй уулзаад түүхээ ярьж өгөөд, учир зүйг нь тайлбарлаад өгөхөөр маш амархан ойлгодог юм. Энэ ажлыг л маш өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй.
Засгийн газраас гаргасан албан бичгийг хос бичгээр хөтлөх асуудалд иргэд олон янз хандаж байна. Таны бодлоор?

Чулуу, зоос тэмдэгт, хад, түүх дурсгалын бичвэрт үлдсэн босоо бичгийн өв өнөөдөр ч бидэнд уламжлагдан ирсэн байна. Устаж үгүй болгохгүйгээр хадгалж, өвлүүлж байх нь бидний үүрэг. Харин үүнийг орчин үед хэрэглээ болгох тал дээр би хувьдаа маш их баярлаж байгаа.  Засгийн газраас гаргасан шийдвэр, бодлого арга хэмжээнүүдийг ч дэмжиж байгаа. Хөгжлийнхөө шатанд мэдээж саад бэрхшээлтэй тулгарах байх. Илүү нарийн мэдээлэл, бодлогын түвшний зүйлийг яам тамгын газар албан ёсны мэдээллээр өгөх байх.  Бичгийн өв соёл талаасаа уран бүтээлчид дуу хоолойгоо өргөж  байх нь зөв.
Олон мянган жил хадгалагдаад ирсэн энэ өвийг дурсгалт зүйл чигээр нь хадгалж өвлүүлж, дэлхий дахинд таниулах, агуу их түүхтэй дээдсийн удам гэдэг бахархлыг төрүүлэх, цаашлаад үүнийгээ өөрсдөө судлах, ойлгох хэрэгцээ тулгарсан чухал цаг үе дээр ирээд байна. 


Хуучин зүйлсээ судалдаг, сэргээдэг, илүү шинэ зүйлсэд ч суралцдаг, хослуулаад авч явж чаддаг л ухаантай байх ёстой. Өнгөрсөн үе рүүгээ нулимж байгаа юм шиг хуучин болгоныг хаях ёстой гэдэг ойлголт байж болохгүй. Соёлынхоо хувьд ч, хөгжиж дэвшихийнхээ хувьд ч тэр бичиг соёлынхоо түүхийг илүү судлаад, хадгалж хамгаалаад, түгээн дэлгэрүүлээд алсыг харж алхах хэрэгтэй юм. Залуус дүү нарт захихад түүхээ судлах, хэл соёлоо дээдлэх хэрэгтэй. Шинэ техник технологи бол тэртээ тэргүй цаг үетэйгээ байж л байх зүйл. 


Ярилцсанд баярлалаа.  
 

Хуваалцах:

|
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно

ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно

6 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.