0
“MCS”-ийн группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал “Энержи ресурс” ХХК-аараа дамжуулан “Ухаа худаг”-ийн ордыг хэрхэн өөрийн болгосон талаарх “нууц” гэрээг дэлгэж байна.
Энэхүү гэрээ нь төрийн нууцын тамгагүй хэдий ч нууц мэт байсаар өнөөдрийг хүрчээ. Гэрээг С.Баярын Засгийн газар “Энержи ресурс” ХХК хооронд 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр байгуулсан байгаа юм.
Гэрээнд Засгийн газрыг төлөөлж тухай үеийн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай энэхүү гэрээнд Тавантолгойн бүлэг ордын лицензийг бүхэлд нь эзэмшиж байсан “Энержи ресурс” ХХК Монгол Улсын Засгийн газарт ордын 86 хувь буюу нэр бүхий таван ашиглалтын лицензийг шилжүүлж, “Ухаа худаг”-ийг авч үлдэх талаар дурдсан байна.
Тодруулбал, “Энержи ресурс” ХХК өөрийн мэдэлд байсан "Тавантолгой" нэртэй 11943А, "Тавантолгой" нэртэй 11956А, "Бор толгой" нэртэй 11953А, "Бор тээг" нэртэй 11954А, "Шар тээг" нэртэй 11955А гэх таван ашиглалтын лицензийг Засгийн газарт шилжүүлж, “Ухаа худаг”-ийг авч үлдсэн байна.
ЗАСГИЙН ГАЗАР ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧВӨЛ “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК ТАВАНТОЛГОЙН БҮХ ЛИЦЕНЗЭЭ ЭРГҮҮЛЭН АВНА
Засгийн газар “Энержи ресурс” ХХК хооронд байгуулсан уг гэрээнд анхаарал татсан хэд хэдэн заалтыг тусгажээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар дараах үүргийг хүлээсэн байна.
Үүнд,
Гэрээний 2.2.2-т ...гэрээ хүчинтэй байх хугацаанд Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар нөөцөд авах, уг орд газарт төрийн хувь оролцоог тогтоохоор санал өргөн мэдүүлэх зэргээр ашиглалтын тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахгүй буюу цуцлахгүй байх баталгаа гаргах,
2.2.3-т Гэрээний 2.2.2-т заасан үүргээ зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээний дагуу шилжүүлэн авсан ашиглалтын таван тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” ХХК-д буцаан олгох,
2.2.4-т “Энержи ресурс” ХХК нь “Ухаа худаг”-ийн орд газрын талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ус, цахилгаан эрчим хүч, автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн байгууламжийг ашиглах эрх болон олборлосон нүүрсээ экспортод гаргах, худалдахтай холбоотой аливаа зөвшөөрлийг “Энержи ресурс” ХХК-д зохих журмын дагуу олгох,
2.2.6-д “Энержи ресурс” ХХК-аас шилжүүлэн авсан ашиглалтын таван тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын талбайг Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй, эсвэл түүний хувь оролцоо бүхий этгээдтэй хамтран эзэмшихээр шийдвэрлэвэл “Энержи ресурс” ХХ-д тэргүүн ээлжинд санал болгох,
3.2 Монгол Улсын хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийн бусад акт нь талуудын гэрээгээр тохирсон нөхцөл, тэдгээрийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байвал гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.