dobu.mndobu

ТАНИЛЦ: С.Баярын Засгийн газар “Энержи ресурс” ХХК хооронд байгуулсан “НУУЦ” ГЭРЭЭ

ТАНИЛЦ: С.Баярын Засгийн газар “Энержи ресурс” ХХК хооронд байгуулсан “НУУЦ” ГЭРЭЭ

“MCS”-ийн Ж.Оджаргал “Энержи ресурс” ХХК-аараа дамжуулан "Ухаа худаг"-ийн ордыг хэрхэн өөрийн болгосон талаарх “нууц” гэрээг дэлгэж байна.

Энэхүү гэрээ нь төрийн нууцын тамгагүй хэдий ч нууц мэт байсаар өнөөдрийг хүрчээ.

Гэрээг С.Баярын Засгийн газар “Энержи ресурс” ХХК хооронд 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр байгуулсан байна. Гэрээнд Засгийн газрыг төлөөлж тухай үеийн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай энэхүү гэрээнд Тавантолгойн бүлэг ордын лицензийг бүхэлд нь эзэмшиж байсан “Энержи ресурс” ХХК Монгол Улсын Засгийн газарт ордын 86 хувь буюу нэр бүхий таван ашиглалтын лицензийг шилжүүлж, "Ухаа худаг"-ийг авч үлдэх талаар тусгасан байна.

Тодруулбал, “Энержи ресурс” ХХК  өөрийн мэдэлд байсан "Тавантолгой" нэртэй 11943А, "Тавантолгой" нэртэй 11956А, "Бор толгой" нэртэй 11953А, "Бор тээг" нэртэй 11954А, "Шар тээг" нэртэй 11955А гэх таван ашиглалтын лицензийг Засгийн газарт шилжүүлж, "Ухаа худаг"-ийг авч үлдсэн байна.

ЗАСГИЙН ГАЗАР ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧВӨЛ “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК ТАВАНТОЛГОЙН БҮХ ЛИЦЕНЗЭЭ ЭРГҮҮЛЭН АВНА

Засгийн газар “Энержи ресурс” ХХК хооронд байгуулсан уг гэрээнд анхаарал татсан хэд хэдэн заалтыг тусгажээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар дараах үүргийг хүлээсэн байна.

Үүнд,

Гэрээний 2.2.2-т ...гэрээ хүчинтэй байх хугацаанд Ашигт малтмалын тухай хууль болон  бусад хууль тогтоомжид  зааснаар нөөцөд авах, уг орд газарт төрийн хувь оролцоог  тогтоохоор санал өргөн мэдүүлэх зэргээр ашиглалтын тусгай зөвшөөрөлд  өөрчлөлт оруулахгүй буюу цуцлахгүй байх баталгаа гаргах,

2.2.3 Энэ гэрээний 2.2.2-т заасан  үүргээ зөрчсөн тохиолдолд  энэхүү гэрээний дагуу шилжүүлэн авсан ашиглалтын  таван тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” ХХК-д буцаан олгох,

2.2.4-т “Энержи ресурс” ХХК нь  Ухаа худагийн орд газрын талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ус, цахилгаан эрчим хүч, автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн байгууламжийг  ашиглах эрх болон олборлосон нүүрсээ экспортод гаргах, худалдахтай холбоотой аливаа зөвшөөрлийг “Энержи ресурс” ХХК-д зохих журмын дагуу олгох,

 2.2.6 “Энержи ресурс” ХХК-иас шилжүүлэн авсан ашиглалтын таван тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын  талбайг Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй эсвэл түүний хувь оролцоо бшхий этгээдтэй хамтран эзэмшихээр шийдвэрлэвэл “Энержи ресурс” ХХ-д тэргүүн ээлжинд санал болгох,

3.2 Монгол Улсын  хууль тогтоомжид  орсон өөрчлөлт, шинээр батлагдан гарсан  хууль тогтоомжийн бусад акт нь талуудын гэрээгээр тохирсон нөхцөл, тэдгээрийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байвал гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна

Үндсэндээ гэрээний заалтаас харахад,

-“Энержи ресурс” ХХК Засгийн газарт шилжүүлсэн лиценз бүхий орд газарт хийсэн хөрөнгө оруулалтаас нөхөн олговор төлөхийг Засгийн газраас шаардахгүй.

-"Ухаа худаг"-ийн ашиглалтын зөвшөөрөлд өөрчлөлт оруулахгүй.

-Гэрээг зөрчсөн тохиолдолд Засгийн газарт шилжүүлсэн таван зөвшөөрлөө эргүүлэн авна.

-Засгийн газарт шилжүүлсэн таван лиценз бүхий ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахаар бол “Энержи ресурс” ХХК-д эхэлж санал тавина гэсэн байгаа юм.

Угтаа бол аливаа гэрээг хоёр талын эрх, үүргийг тэгш хангаж, шударга зарчмаар зохицуулахын тулд хийдэг. Гэтэл дээрх гэрээ нь “Энержи ресурс” ХХК-д үйлчилсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан гэж дүгнэхээр байна.

Дээрх “нууц” гэрээг байгуулахаас өмнө Засгийн газар 2008 оны гуравдугаар сарын 19-нд хуралдаж, 16-р тэмдэглэлийг үйлджээ. Тэмдэглэлд дурдсанаар уг хуралдаанаар “Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурах тухай” асуудлыг хэлэлцсэн байна.

Ингэхдээ Тавантолгой орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд  гарын үсэг зурахыг Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүд даалгажээ.

Засгийн газрын тэмдэглэл зураг

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.