0
DOBU.MN сайт стратегийн ордод хамруулалгүй хав дарсан зургаан ордыг цувралаар танилцуулж байна.
Одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 онд Хөшөөтийн ордыг стратегийн ордод хамруулах ажлын хэсэг байгуулагдаж, дүгнэлтээ танилцуулжээ. Дүгнэлтэд, Хөшөөтийн орд нь бүс нутгийн төдийгүй улс орон эдийн засагт чухал нөлөөтэй учраас стратегийн ордод хамруулах бүрэн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гарч байж. Харамсалтай нь, одоо болтол Хөшөөтийн ордыг стратегийн ордод хамруулалгүй БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “МоЭнко” ХХК тус газрын лицензийг эзэмшин, нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Хөшөөтийн нүүрсний орд газар нь Ховд аймгийн Дарви сумын нутагт Ховд хотоос зүүн урагш 210 км, Зэрэг сумаас баруун урагш 60 км, Цэцэг сумаас зүүн хойш 29 км, Монгол Алтайн нурууны зүүн урд төгсгөлийн хойд хэсэгт оршдог.
Тус ордын нийт нөөц Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгэснээр 87.5 сая тонн. Баялаг 182.5 сая тонн. Нийт нөөц 270 сая тонн. Геологийн нийт нөөц 460 сая тонн. Харин Хөшөөтийн ордыг лицензийг эзэмшигч “МоЭнко” ХХК Хонгконгийн хөрөнгийн биржид гаргахдаа ордын нийт нөөцийг 4.5 тэрбум тонн гэж танилцуулж байжээ.
БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “МоЭнко” ХХК Хөшөөтийн ордын 10 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХӨШӨӨТИЙН ОРДЫН НӨӨЦИЙГ ТОГТООВ
Анх 1927 онд Баатар хайрхан уулын орчимд хийсэн геологийн судалгааны ажлаар Хөшөөтийн нүүрсийг анх илрүүлжээ. Дараа нь 1956 онд н.Лувсанданзан Феодоров нар Монгол Алтайг судлахад Хөшөөтийн голд нүүрс байгааг бүрэн баталжээ.
Улмаар 1967 онд Б.Даваасамбуу нар нарийвчилсан хайгуулын ажил хийсэн бөгөөд 1978 онд Н.Авид нар тус ордын өмнөд хэсэгт нарийвчилсан хайгуулын ажлын үргэлжлүүлэн гүйцэтгэжээ.
Дараа нь 1998 онд Д.Пүрэвсүрэн нар бүс нутгийн хэмжээнд гидрогеологийн урьдчилсан судалгаа, эрэл хайгуулын ажлыг хийж нөөц баялгийг нарийвчлан тогтоосон байна. 2007 онд “МоЭнко” ХХК Хөшөөтийн уурхайн орчимд баригдах цахилгаан станцын барилга, усан сангийн даланд зориулсан инженер геологийн тойм судалгааг хийж гүйцэтгэжээ. 2008-2009 онд “МоЭнко” ХХК геологи хайгуулын ажлаа үргэлжлүүлж нүүрсний чанарын судалгааг баталгаажуулжээ.
ХӨШӨӨТИЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРДОД ХАМРУУЛАХ БОЛЗЛЫГ БҮРЭН ХАНГАЖЭЭ
Хөшөөтийн ордын нүүрс нь шинж чанарын хувьд эрчим хүчний болон коксжих чулуун нүүрстэй. Батлагдсан нөөц 87.5 сая тонн байгаа хэдий ч энэ тоо цаашид огцом нэмэгдэх магадлал маш өндөр. Бусад талбайнуудад судалгаа хийгдснээр ордын нөөц багадаа тэрбум тонн-д хүрнэ гэж мэргэжлийн яам дүгнэжээ. Мөн дэд бүтэц, тээвэрлэлтийн болон экспортын таатай нөхцөл бүрдэж байгаа бүс нутагт Хөшөөтийн орд байрлаж байна.
Хөшөөтийн ордоос орон нутагт 2 их наяд 514 тэрбум төгрөг, АМНАТ 452.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр шимтгэл хэлбэрээр оруулах бүрэн боломжтой.
“Хөшөөт нүүрс” төслийн хүрээнд нийт 336.9 км хатуу хучилттай автозам, нисэх буудал, Зэрэг болон Дарви сумыг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамц татах гэх мэт ажлуудыг хийж, заримыг нь хийхээр төлөвлөсөн нь бүс нутгийн төдийгүй улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх тул “Страегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах” санал гаргажээ. Харамсалтай нь, Хөшөөтийн ордыг стратегийн орд хамруулах саналыг бүхэл бүтэн 12 жил даржээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.