dobu.mndobu

Л.Оюун-Эрдэнэ: БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх боломж Монгол Улсад бүрдэж байна

Л.Оюун-Эрдэнэ: БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх боломж Монгол Улсад бүрдэж байна

Монгол Улс-БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр (2025.05.14) болж байна.

Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, ӨМӨЗО-ны Намын хорооны дарга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцож байна.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. 

Тэрбээр "Гашуунсухайт хилийн боомтын экспорт, импортыг 22 гарцтай болгож, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлснээр улсын эдийн засаг, гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн амьдралын чанар, орлогын эх үүсвэрийг шинээр бий болгож чадна. 

Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэл, эрчимтэй хөгжлийн шинэ эрин, шинэ хуудас нээгдэж байна. 

Монгол Улс алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, Монголын "За" бол андгай хэмээх зарчмаа хатуу баримтлах болно. 

Нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдаж, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ. Тийм ч учраас энэхүү төслийг бид 14 мега төслийн нэг болгож эрэмбэлсэн. 

Төмөр зам холбогдсоноор олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цагт Монголын экспорт тогтворжих давуу талтай. Мөн дэлхийн гангийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш байх боломж Монгол Улсад бүрдэж байна" хэмээв.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм.

Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ.

Анх 2004 оноос яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.