dobu.mndobu

Ч.Лодойсамбуу: Арай дэндлээ. Хууртаж ханаач ээ, Монголчууд аа

Ч.Лодойсамбуу: Арай дэндлээ. Хууртаж ханаач ээ, Монголчууд аа

Ерөнхий сайдтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Ерөнхий сайдыг огцруулъя гэдэг залуусын, ер нь иргэдийн энэ шаардлага наад баялгийн гээд байгаа маргаантай чинь ямар ч хамаагүй, бас сая гэнэт нэг цүнхэн дээр үүсчихсэн уур бухимдал огт биш шүү дээ.

1. Энэ Ерөнхий сайдын Засаг толгойлсон зургаан жилийн ажлын үр дүн лангуун дээрх хүнс барааны үнэ, дампуурч хаалгаа барьсан бизнесүүд, банкны самбар дээрх валютын ханшийн өсөлт, төрийн данхар бүтэц, хэтийдсэн их зардалтай төсөв, дарга нарын тансаглал, төрийн элдэв дарамт, худал хуурмагаар дүүрэн хар пиар, хоосон амлалтууд гээд нүднээ ил л байна шүү дээ.

2. Ухаа худгаа авъя л гэнэ. Тэгээд аваач дээ. Аль 2008 онд УИХ тогтоол гаргаад Ашигт малтмалын хуулийн дагуу стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээ хий гээд Засгийн газартаа үүрэг өгчихсөн, тэр үүргээ биелүүлэлгүй, Их хуралдаа мэдэгдэхгүйгээр гэрээ хийгээд тохирчихсоноос л болсон асуудал шүү дээ. Нөгөө л МАН олонх байсан үе. Ерөнхий сайд нь С.Баяр, Уул уурхайн сайд нь Х.Наранхүү. Их хурлынхаа даалгаврыг тэд яагаад биелүүлээгүй юм? Тэдэнтэйгээ хариуцлага ярихгүй яагаад буруу, булхайг нь эсэргүүцсэн хэдэн залуус руугаа дайраад ална, хядна гээд байгаа юм.

3. Баялгийн санг эсэргүүцлээ л гэнэ. Тэрийг чинь эсэргүүцсэн ширхэг ч хүн алга. Харин ч цөм дэмжээд түлхэж өгч байгаа. Бүр нарийн яривал энэ сан тэд нарын бодоод олчихсон шинэ ажил ч биш. Аль 2010 оноос хойш яригдсаар 2015 онд АН засаглаж байхад Ирээдүйн өв сан нэрээрээ хууль болчихсон юм. Ирээдүйдээ хуримтлал үүсгэх зорилготой санг харин та нар үрэлгэн төсвийнхөө алдагдлыг нөхдөг “оффшор” болгоод үрж орхисныг бүгд л харсан. МАН цөөнх болох үед яригдах бас нэг том хулгай шүү.

Урьд нь Хятадаар айлгаад ард түмнээ самууруулчихдаг байсан хар технологи нь одоо нэг том компанид алдсан баялгаа авъя гэдэг жүжгээр үргэлжилж байна. Тэр үед хэлсэн Хятад танкнаас нь айгаад бид ямар их боломжоо алдсан билээ. Өнөөдөр гуч дөчин их наядаар нь төсөв бүрдүүлж өгөөд, өчнөөн уурхайг төрд хураалцаж өгөөд үнийн өсөлт, ажилгүйдэл, “авлигатай хийх тэмцэл” гэж таван жил уртаар хэлсэн хоосон үгнээс өөр юу олж авсан юм хэдүүлээ, бод доо. Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд гээд биднийг уурлуулж байгаад хурааж авсан уурхайнуудаар дарга нар яаж гараа угааж байгаа гэж бодно? Түмний нэрээр төрд байгаа бүхэн хулгай. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хатуу хяналт, оролцоон дор л баялаг жинхэнэ баялаг болж үлддэг. Жам ёс мэт хөдөлшгүй онолтой юм шүү дээ. Гэтэл одоо төрд шургалж төрийн өмч, байгалийн баялаг дээр туйлж байгаа авлигач дарга нараа шийтгэе биш ард түмнээ алалцуулъя гээд талбай дээр дуудаж байна. Арай дэндлээ.

Хэрсүү байя гэж өчнөөн жил хашгирлаа. Хууртаж ханаач ээ, Монголчууд аа. Үр хойчид чинь эх орондоо үлдэж сайхан амьдрах дусал ч итгэл үлдэхгүй нь. Баялгийн нэр барьсан дарангуйлагчдын гав дөнгөнд үр хүүхдээ үлдээчихээд буцахдаа та бид баяртай байх гэж үү? Их хуралд шинээр орсон залуус лав үлдсэн гурван жилдээ бүхний дайсан болсон ч хамаагүй энэ зарчмаасаа хазайхгүй. Бусдын гар хөлийн үзүүрт гүйхгүй. Хулгайч, дарангуйлагч нарт дээрэлхүүлэхгүй.

Дуугүй хараад байхаар одоо бүр давраад парламент руугаа дайрч улс үндэстнээр нь дарангуйлах нь. Андуураад байгаарай! Монгол яг та нар шиг ийм хогийн урвагчдын хоронд хордож талцаад олон зуун жил зовлон үзэж бөхийсөөр өнөөдөр ардчиллынхаа хүчинд өндийж амь бие бүтэн тусгаар улс болсон юм шүү" гэжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.