dobu.mndobu

Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 04-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар татвар төлөгчдөд үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гааль, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авах боломж хялбар болно. Үүний үр дүнд татвар төлөгч, татвар, гаалийн байгууллагын хооронд үүсдэг хуулийн хэрэглээтэй холбоотой маргаан багасаж, татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын хууль тогтоомжийг сайн дураар дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх нь зөвлөн туслах үйлчилгээний нэг гол зорилго юм. Үүний хүрээнд татвар төлөгчийн хууль хэрэгжүүлэх түвшин буурах болон татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд татварын алба урьдчилан сануулж, татвар төлөгчид алдаа, зөрчлөө өөрөө засах, арилгах боломжийг олгох юм. Энэ нь татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, татварын орчны тогтвортой байдлыг хангах, татвар төлөгчид хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Түүнчлэн, татварын алба татвар төлөгчийг алдаа гаргасны дараа хянан шалгаж акт, торгууль тавих бус, татварын тайланг залруулах хугацааг сунгаж, татвар төлөгчдөд итгэл үзүүлж, татвар хураалт, хяналт шалгалтын үйл ажиллагаа илүү үр дүнтэй, татвар төлөгчдөд чирэгдэл багатай, эрсдэлд суурилсан байдлаар хийж гүйцэтгэх нөхцөлийг бий болгоход чухал нөлөөтэй. Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг халж, тодорхой хэсгийг битүүмжлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр татвар төлөгчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр өр төлөх боломжоор хангах, үйл ажиллагааг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзлээ. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч буйг харгалзан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд:

-Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулж,  татварын орчныг сайжруулна.

-Бизнесүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх,  хүний нөөцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, бизнесийн өргөжих боломжийг дэмжинэ.

-Хэлэлцүүлгийн явцад олон нийтээс ирүүлсэн саналуудыг судлан үзэж, зарим арга хэмжээнүүдийг нэмж тусгажээ. 

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу татварын хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлал, дагалдах судалгааны хамт Сангийн яамны албан ёсны цахим хуудсаар олон нийтээс санал авсан. Эдгээр санал болон уулзалт, хэлэлцүүлгийн явцад татвар төлөгчдөөс ирүүлсэн саналыг нэгтгэн авч үзвэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуультай холбоотой нийт 28,386 санал ирж, саналуудыг нэг бүрчлэн судлан үзжээ.

Хуулийн төсөл боловсруулах явцад татвар төлөгчдөөс хялбаршуулсан горимын зохицуулалтыг хэвээр үлдээж, тус горимд хамрагдах босго дүнг нэмэгдүүлэх саналыг ирүүлсэн. Эдгээр саналыг судлан үзэж, хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны олон улсын тавцанд өрсөлдөх чадвар сайжирч, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал буурна. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн тогтвортой байдал бэхжүүлэх суурь нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.