1
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дөрөвдүгээр сараас ачиж эхэлсэн. ТҮЦ-ээ ачуулсан бизнес эрхлэгчид өнөөдөр (2025.06.09) Тусгаар тогтнолын ордны өмнө Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, жагсаж байна.
Энэ үеэр ТҮЦ эрхлэгч Х.Одмаагийн байр суурийг сонслоо. Х.Одмаа хуучнаар Ленин клубийн ойролцоо ТҮЦ ажиллуулдаг байжээ. Түүний ТҮЦ-ийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-11-нийг шилжих шөнө шаардах хуудасгүйгээр ачсан байна.
Тэрбээр хэлэхдээ “Бид хоёрдугаар сарын 14-нд Хотын даргын гаргасан А/37 захирамжийн талаар дөрөвдүгээр сард л мэдсэн. Тэгэхээр энэ үйл явц шударга биш байгаа юм. Ядаж л урьдчилж уулзаж, тохиролцох боломж олгоогүй. Ачиж дууссаныхаа дараа л нэг лангуу өгье гэж ярьсан.
Үндсэн хуулийн дагуу хүн ажил, хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхтэй. Жишээлбэл, сэтгүүлчийг гэнэт автобусны жолооч бол гэвэл болохгүй биз дээ. Би ТҮЦ ажиллуулж чаддаг, үүндээ дуртай. Ийм байхад яагаад заавал өөр ажлаар солих ёстой юм бэ” гэв.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс ТҮЦ эрхлэгчидтэй тохиролцохгүйгээр шууд арга хэмжээ авчээ.
Энэ талаар тэрбээр "ТҮЦ-ийг маань ачсанаас сар гаруйн дараа лангуу ав гэж хэлсэн. Зарим нь авахаар очсон юм. Гэтэл “Лангуугаа өөрсдөө олоод ир” гэсэн. Нарантуул, Хархорин захууд хувийн өмч биз дээ. Төр ажлын байрны орон тооны талаар огт судлаагүй юм билээ. Бид хаанаас лангуу олох юм.
ТҮЦ хүнс худалдаа, үйлдвэрлэлийн журамд багтдаг учир зохих зөвшөөрөлтэй байх ёстой.
Бидэнтэй зөвшилцөж байгаад тодорхой стандарт тавьж, гадаад өнгө үзэмжийг тохируулаад, автобусны буудлууд дээр хоёр хоёроор нь байрлуулаад өгчих л дөө.
Энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол бид хатуу тэмцэнэ. Шүүхэд гомдол гаргачихсан, үйл явц үргэлжилж байгаа. Бид зүгээр орхихгүй, доромжлуулахгүй. Хүнийг ажил хөдөлмөрөөр нь ялгаварлан гадуурхах ёсгүй.
Гудамжны худалдаа дэлхийн хаана ч байдаг. Монголд яагаад байж болохгүй гэж. Төр биднийг өөрсдөө ийм болгочхоод, одоо амьдрах боломжийг булааж байна” хэмээв.
Т.НАРАНЗУЛ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.